Шууд Chart

Украин улс НАТО-д яаралтай горимоор элсэх өргөдөл гаргалаа

2022-10-03 14:14:32

Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад Оросын бүрэлдэхүүнд нэгдэх эсэх тухай санал хураалтыг сүрдүүлэг дор тавьсан жүжиг гэж Украин болон Өрнөдийн улс орнууд зэмлэн буруутгаж байна. Эзлэгдсэн дөрвөн мужийг нь ОХУ өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснээ зарласны дараа Украин улс НАТО-д яаралтай горимоор элсэх өргөдлөө албан ёсоор гаргалаа.

Украины ерөнхийлөгч “шийдэмгий алхам хийж, НАТО-д түргэвчилсэн байдлаар элсэх өргөдлөө гаргалаа. Украин улс эзлэгдсэн бүх газар нутгаа чөлөөлөх болно” гэлээ. Мөн ОХУ-ын одоогийн удирдлагатай хэлэлцээ хийхгүй гэдгээ Украины төрийн тэргүүн мэдэгдсэн байна. 

Украин улс эзлэгдсэн газар нутгийг нь Орос өөртөө нэгтгэж байгааг олон улсын хууль, НҮБ-ын дүрмийн эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлж, Украин улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, эзлэгдсэн газар нутгаа эргүүлж авна гэдийг анхааруулжээ.

Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский, “Бодит байдал дээр бид НАТО эвслийн стандартыг хангаж чадахаа батлан харуулсан. Дайны талбарт болон бидний бусад бүх харилцаанд энэ стандарт бодитой хэрэгжиж байна. Бид харилцан нэгэндээ итгэж, тусалж, нэг нэгнээ хамгаалж байна. Үүнийг эвсэл гэдэг юм. Украины ард түмэн эзлэгдсэн бүх газар нутгаа чөлөөлөх болно. Орос улс үүнийг хэдийнээ ойлгож эхэлсэн. Тэд бидний хүчийг мэдэрч байгаа.” гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Украины арми зүүн болон зүүн өмнөд бүс нутгаа Оросоос чөлөөлөхөөр сөрөх довтолгоонд ороод байгаа юм.

Орос цэргийн хүчээ зузаатгахаар 300 мянган цэрэг нэмж татаж, Өрнөдийнхөн Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж байгаа учраас дайны байдал цаашид сунжрах, дайны гал ширүүсэх төлөвтэй болж ирлээ гэж цэргийн шинжээчид анхааруулсаар байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин улс НАТО-д яаралтай горимоор элсэх өргөдөл гаргалаа   
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй