
НАТО Украины 4 мужийг Орос өөртөө нэгтгэж байгаа үйл явцийг олон улсын хууль зөрчсөн алхам гэж эрс няцаалаа.
Украиныг гишүүнээр элсүүлэх шийдвэрийг НАТО-гийн 30 гишүүн орон бүгд хүлээн зөвшөөрч, зөвшилцсний үндсэн дээр гаргана гэдгийг тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлээ.
Тодруулбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга үүнийг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европын нутаг дэвсгэрийг хүлчээр булаан авах гэсэн хамгийн том оролдлого. Орос Украины газар нутгийг өөртөө нэгтгэж байгаагаа зарласан нь өнгөрсөн 2 дугаар сард Москва хөрш улс руугаа халдсанаас хойшх дайны байдал хамгийн ноцтой түвшинд хүрснийг илтгэлээ гэж дүгнэж байна.
Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, “НАТО энэ дайны оролцогч биш. Харин НАТО-д гишүүнчлэх өргөдөл гаргасан аливаа улс орныг хүлээж авах шийдвэр эвслийн бүх гишүүн 30 улс орны зөвшилцлийн үндсэн дээр гарах ёстой. НАТО Украиныг дэмжих амлалтаа энэ удаад ч дахин нотолж байна. Украиныг хамгаалахад Орос саад болж чадахгүй.” хэмээн мэдэгджээ.
Гэвч "Украины газар нутаг дээр яг одоо дайн болж байна. Иймээс НАТО Украиныг гишүүнээр авах нь түүний хувьд хүнд сорилт болно" гэж шинжээчид үзэж байна.
НАТО-гийн гэрээний 5 дугаар зүйлд гишүүн аль нэг улсад нь гаднаас халдсан нөхцөлд бүх гишүүн улсад нь халдсан гэж үзэж, нэгдсэн хариу арга хэмжээ авахаар заасан байдаг. Иймээс Украиныг НАТО гишүүнээр авсан нөхцөлд Украинд болж байгаа дайн НАТО-гийн эсрэг дайн болж, тус эвсэл оролцох эрх зүйн орчин үүсэх юм.
Үүнтэй холбоотойгоор НАТО Оростой дайтах нөхцөл үүсгэхгүйн тулд Украиныг элсүүлэх асуудалд нухацтай хандана гэж Блумберг зэрэг олон улсын хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Харин Украины Пента бие даасан судалгааны төвийн захирал Володимир Фесенко “Украины ерөнхийлөгчийн шийдвэр НАТО-г илүү шийдэмгий байхыг шаардаж байгаа хэрэг юм. Харин Украин НАТО-д элсэх үйл явц тийм ч хурдан шийдэгдэхгүй болов уу. Гэхдээ дайн дууссаны дараа Украины НАТО-гийн гишүүн болох магадлал улам өсөх болно.” гэсэн байна.
НАТО: Украиныг элсүүлэх шийдвэр 30 гишүүн орны зөвшилцлийн үндсэн дээр гарна | ||
Үзсэн: 371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.