Шууд Chart

Боснийн улсын прокурорыг гэмт хэрэгтнүүдэд тусалсан хэмээн буруутгав

2022-10-05 11:03:48

АНУ-ын Сангийн яамнаас Боснийн Улсын прокурор Диана Каймаковичийг авлигын хэрэгт холбогдож, гэмт хэрэгтнүүдэд тусалсан гэж буруутгав.

АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанаас даваа гарагт гаргасан хэвлэлийн мэдээнд улсын яллагч Диана Каймаковичийг "Баруун Балканы хойгийн улсын ардчиллын үйл явц, институцийг хохирол учруулсан, мөн авлигын хэрэгт холбогдсон" гэж буруутгажээ.

АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанаас Каймаковичийг "гэмт хэргийн байгууллагуудтай холбоотой" бөгөөд “ихээхэн авлигажсан” гэж буруутгасан. Мөн дэлхийн өнцөг булан бүрт гэмт хэрэгтнүүдийн ашигладаг “Sky ECC” аппликейшнаар дамжсан яриануудаас түүний нэрийг олж авсан байна.

Түүний нэрийг нууцлагдсан мессежнүүдээс олсны дараа Улсын прокурорын үүрэг гүйцэтгэгч Миланко Кайганич нь Каймаковичийг наймдугаар сарын эхээр Дайны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн юм. Ийнхүү шилжүүлэхээс өмнөх Каймакович нь Боснийн прокурорын газрын авлигатай тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

“Хувьдаа ашиг олох зорилгоор Каймакович нь хар тамхины худалдаачид болон бусад гэмт хэрэгтнүүдийг дэмжиж нотлох баримтыг нуун дарагдуулж, гэмт хэрэгтнүүдийг яллахаас сэргийлж, гэмт хэрэгт дэмжлэг үзүүлдэг байсан " гэж АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанаас буруутгасан юм.

"Тэрээр мөн гэмт хэргийн талаарх мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоохыг оролдсон" гэж нэмж хэлэв.

АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Брайан Нелсон хэлэхдээ “Диана Каймакович бол Босни-Герцеговин улсын ардчилал, хууль дээдлэх ёсыг алдагдуулсан” гэсэн юм.

"Өнөөдрийн алхам  нь Босни Герцеговин улсад авлигыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хувь хүнийг чиглэж байгаа нь  тогтвортой, цэцэглэн хөгжсөн улс байгуулах АНУ-ын амлалтыг  бэхжүүлж байна" гэж Нелсон нэмж хэлэв.

Энэхүү “буруутгасан” гэдэгт орсноор түүний бүх өмч хөрөнгө, АНУ дахь өмч хөрөнгийн хувь, эсвэл АНУ-ын иргэний эзэмшиж эрхийг битүүмжилж, АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанд мэдэгдэх ёстой гэжээ.

Каймакович  нь одоо улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшиж байна. Гэсэн хэдий ч Босни Герцеговин улсын шүүх эрх мэдлийн дээд байгууллага болох Шүүх, прокурорын дээд зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг цуцлахыг хүссэн байна. Энэ асуудлаар пүрэв гарагт санал хураах болно гэжээ.

Каймакович бол АНУ-аас хориг арга хэмжээ авсан Босни Герцеговинагийн цорын ганц хүн биш юм. Түүнээс  гадна Босни Герцеговинагийн Холбооны Хорватын ерөнхийлөгч Маринко Кавара нь 2019 оноос хойш тус холбооны Үндсэн хуулийн цэцийн сул орон тоог нөхөх шүүгчдийг нэр дэвшүүлэхээс татгалзсан гэх асуудлаар өнгөрсөн зургаадугаар сард шийтгүүлсэн юм. Мөн АНУ-ын шинэчилсэн хоригийн жагсаалтад Бүгд Найрамдах Сербскийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ален Серанич багтсан байна.

Балканы эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнд Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Кажганич хэлэхдээ, Прокурорын газар АНУ-ын хар жагсаалтад орсон бүх хүмүүсийн эсрэг хэрэг үүсгэсэн бөгөөд АНУ-тай хамтран нотлох баримт цуглуулах болно гэжээ.

"Өмнө нь дурдсан үйл ажиллагааны талаар миний хэлэх цорын ганц тайлбар бол Прокурорын газар хамтран зүтгэгч Каймаковичийг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэх хэргийг шалгаж эхэлсэн явдал юм" гэж Кажганич хэлжээ.

Эх сурвалж: https://balkaninsight.com


Боснийн улсын прокурорыг гэмт хэрэгтнүүдэд тусалсан хэмээн буруутгав  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй