Шууд Chart

Европын холбоо ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоох зөвшилцөлд хүрчээ

2022-10-06 14:15:01

Европын холбоо ОХУ-ын эсрэг 8 дахь удаагийн багц хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Европын холбооны орнууд Оросын газрын тосны үнийн дээд хязгаар тогтоохоор зөвшилцөлд хүрчээ. Ингэснээр Европын холбооны орнууд Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг үнийн дээд хязгаараас доогуур үүнээр импортлох шаардлагатай болох юм байна.

Тодруулбал, Оросын эсрэг 8 дахь багц хориг арга хэмжээг эцсийн байдлаар батлахаар Европын эрх баригчид хэлэлцсэн байна. Уг багцад Европын холбоо Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хоёр үе шаттайгаар батлах төлөвтэй байгаа. Газрын тосны үнийн хязгаарыг энэ оны 12 дугаар сарын 5-наас, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хязгаарыг 2023оны 2- дугаар сарын 5-наас мөрдөж эхлэхээр төлөвлөж байна. Харин Москва Европын холбооны энэ шийдвэрийг дагаж мөрдсөн улс орнуудад газрын тос болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсооно гэдгээ анхааруулаад байна.

Өнгөрсөн сарын 2-нд Берлинд болсон Долоогийн бүлгийн сангийн сайд нарын уулзалтаар Оросын газрын тосны экспортоос олдог орлогыг хязгаарлах үүднээс тус улсаас газрын тос импортлоход баримтлах үнийн дээд хязгаар тогтоохоор тохиролцсон юм.

ОХУ-ын ерөнхийлөгч цэрэг татлага явуулж, цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж анхааруулсны дараа Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Москвагийн эсрэг 8 дахь багц хоригийн төслийг өргөн барьсан юм. Европын холбоо Оросоос эрчим хүчний хараат байдлаа бууруулах үүднээс одоогоор Оросоос нүүрс импортлохыг хориглосон.

Мөн Оросыг эрчим хүчнээс олдог орлогыг хязгаарлах шинэ арга замуудыг хайхын зэрэгцээ өөрсдөө эрчим хүчний хомсдол үүсэхээс сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулах, энэ өвөл гал алдахгүй байх тал дээр анхаарч байна. Мөн Европын холбооны шинэ багц хоригт Оросын гангийн үйлдвэрлэлийг хязгаарлах, Европын холбооны орнуудын иргэдийг Оросын төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд удирдах албан тушаал хашихыг хориглохоор тусгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоох зөвшилцөлд хүрчээ   
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй