
ХБНГУ 2022 оны эцэс гэхэд цөмийн эрчим хүчнээс татгалзахаар төлөвлөж байсан. Гэвч Орос Украины дайны нөлөөгөөр ОХУ-аас нийлүүлэх эрчим хүчний нийлүүлэлт огцом буурсан нь Берлинийг цөмийн цахилгаан станцыг ашиглахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулжээ гэж шинжээчид дүгнэж байна. Германы канцлер Олаф Шольц 2023 оны 4-р сарын 15-ны өдрийг хүртэл тус улсын цөмийн 3 цахилгаан станцыг ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эдийн засаг байгаль орчны яамнаас хүссэн тухай өнөөдөр олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Германы эрх баригч эвслийн засгийн газар цөмийн эрчим хүчний давуу болон сул тал, цөмийн эрчим хүчийг цаашид ашиглахгүй байх асуудлаар удаан хугацааны туршид санал зөрөлдсөөр ирсэн. Улмаар тус улсын засгийн газар цөмийн 2 цахилгаан станцын үйл ажиллааг энэ оны эцэс гэхэд 2 үе шаттайгаар татан буулгахаар төлөвлөж байсан. Герман улсад одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа цөмийн 3 цахилгаан станцын хувьд нийтдээ 4300 мегаватт эрчим хүч үйлдвэрлэдэг 2022 оны байдлаар тус улсын нийт цахилгаан эрчим хүчний 6 хувийг дангаараа бүрдүүлж байна. Германы засгийн газар ирэх өвлийн улиралд хийн хэрэглээгээ 2 хувиар бууруулах зорилтын хүрээнд эрчим хүч хэмнэх багц төлөвлөгөөг өнгөрсөн 9-р сард баталсан. Энэ төлөвлөгөө нь Европын хамгийн том эдийн засгийг Оросын байгалийн хийн хараат байдлаас бууруулахын тулд эрчим хүч хэмнэх үндэсний хүчин чармайлтын нэг хэсэг нь болж байна. Нөгөө талдаа Москва Балтын тэнгисийн хоолойн хийн нийлүүлэлтээ зогсоож болзошгүй гэсэн болгоомжлолыг шийдвэрлэх зорилготой. Үндсэндээ Берлиний эдгээр шийдвэрүүд нь Оросын байгалийн хийнээс хараат байдлаа бууруулах ирэх өвлийн улиралд ямар нэг эрчим хүчний доголдолгүй даван туулахад хүчин чармайлт гаргаж байна гэж шинжээчид харж дүгнэж байна. Герман улс Украины дайнаас өмнө байгалийн хийн нийт хэрэглээнийхээ 55 хувийг Оросоос авдаг байсан бол одоо Оросын хийн импорт 35 хувь хүртлээ буурчээ. Европын холбооны ихэнх гишүүн орнууд ирэх өвлийн улиралд байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Үүний зэрэгцээ Европын холбоо ирэх 2030 он гэхэд Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа нэн даруй бууруулж ногоон эрчим хүч рүү шилжих хүрээнд 195 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөж байна. Энэ төлөвлөгөөний дагуу ирэх 2030 он гэхэд Европын хийн хэрэгцээг дунджаар 30 хүртэлх хувиар бууруулж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 45 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбоо газрын тосны нийт хэрэглээний 30 хувь байгалийн хийн хэрэглээний 40 хувийг ОХУ-аас хангадаг юм.
ХБНГУ эрчим хүчний хямралын үед цөмийн цахилгааны станцаа ашиглахаар төлөвлөжээ | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.