
ОХУ саяхан Украинаас өөртөө нэгтгэсэн дөрвөн мужид дайны үеийн дэгдэм тогтоох шийдвэрээ зарлалаа. Гэхдээ энэ шийдвэр яг ямар байдлаар хэрэгжих талаар Владимир Путин тайлбар өгөөгүй ч Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаагаа дэмжих зорилгоор эдийн засаг, аж үйлдвэр, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготойг онцолжээ.
Владимир Путины энэ шийдвэр өчигдрөөс хэрэгжиж буй юм байна. Харин Украины төр Владимир Путины зарласан дайны байдал тогтоох шийдвэр юуг ч өөрчлөхгүй, газар нутгаа чөлөөлөх болно гэж мэдэгдэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө өөртөө нэгтгэж авсан Украины Донецк, Луганск, Херсон, Запоржье мужуудад дайны байдал тогтоохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн.
Энэ шийдвэрийг Оросын Холбооны зөвлөлд илгээсэн бол Төрийн Дум тэр дор нь дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, дайны үеийн дэглэм тогтоосноор тухайн мужуудад иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, олноор цугларахыг хориглох, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хяналт тогтоох зэргээр нийгмийн дэг журам тогтооход хууль хүчний байгууллагуудад давуу эрх олгож байгаа юм байна.
Мөн Кремлийн тэргүүн Оросын баруун бүс нутгийн Москва, Санкт-Петербург зэрэг хотын орон нутгийн удирдлагуудад онцгой эрх мэдэл олгож байгаа юм байна. Владимир Путин "Төрийн захиргааны бүх тогтолцоо дайны үеийн чармайлтыг дэмжихэд чиглэгдэх ёстой" гэдгийг онцолжээ.
Москва өнгөрсөн сард Украины 4 мужид бүх нийтийн санал асуулга явуулж, өөртөө нэгтгэж авсан. Үүнийг Украин болон Өрнөдийн улс орнууд олон улсын хуулийг зөрчиж, тусгаар улсын газар нутгийг хүчээр нэгтгэсэн үйлдэл гэж үзэж байгаа юм.
Украины Оросын армид эзлэгдсэн газар нутгуудаас ойролцоогоор 5 сая хүнийг Орос руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа, тэдгээр иргэдийн байрлах орон байр, хүнсний хангамжид тусгайлан анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь ч анхаарна гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Харин Херсон мужийн Оросыг дэмжигч эрх баригчид дайны байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Украины Ерөнхийлөгч Орост эзлэгдсэн мужуудын ард иргэдээ Оросын армид элсэхгүй байхыг уриалжээ. Мөн тэрбээр Оросын армид элсүүлэхээр албадсан нөхцөлд зэвсгээ хаяж, эх орноо бараадаарай гэж уриалсан байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден "Оросын Ерөнхийлөгч өөрийгөө маш хүнд байдал руу оруулж байна" гэж дайны байдал тогтоох шийдвэрийг дүгнэжээ.
ОХУ өөртөө нэгтгэсэн Украины 4 мужид дайны үеийн дэглэм тогтоолоо | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.