
Иран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцэлд нэгдэж Францын нийслэл Парис хотноо хэдэн зуун хүн цугларч дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэд Иран дахь эсэргүүцэлд оролцогчдыг дэмжиж буйгаа илэрхийлэн чангаар уриалан хашгирч, гар гараасаа барин жагсжээ.
Бямба гарагт Ираны Хувьсгалт гвардийн зүгээс засгийн газрын эсрэг жагсагчдад хандаж анхааруулга гаргасан байна. Гэвч зургаа дахь долоо хоногтоо жагсаал цуглаан үргэлжилсэн хэвээр байгаа нь жагсагчдын эв нэгдлийг харуулж байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Парист жагсагчдын нэг Алекс Кианпур "Иранчууд нэгдэж байна, тэд хэзээ ч ийм нэгдмэл байгаагүй, энэ хэвээрээ улам ч нягтрах болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Иранд болж буй эсэргүүцэлд оролцогчдыг хөөн тараахын тулд цагдаа хүчнийхэн буу зэвсэг, үрлэн сум, нулимс асгаруулагч хий зэрэг ашиглаж байгаа мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд өгсөөр байгаа. Ираны засгийн газар эсэргүүцлийн жагсаалыг гадны гүрнүүд зохион байгуулж байна гэж удаа дараа иш баримтгүйгээр мэдээлж байгааг хэвлэлүүд мөн бичиж байна.
Эсэргүүцлийн ажиллагаа анхандаа хижаб буюу эмэгтэйчүүдийн толгойн алчуурыг зүүж хэрэглэх төрөөс тогтоосон ёс жаягийг эсэргүүцсэн шинжтэй байсан боловч удалгүй Ираны төр засгийн газрын эсрэг хандлагатай болж газар авчээ.
Иран дахь хүний эрхийн төлөө тэмцэгч бүлгүүдийн мэдээлснээр, тус улсын 125 гаруй хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 270 гаруй хүн амиа алдаж, 14,000 хүн баривчлагдсан байна.
Иран эмэгтэйн эрхийг хамгаалах жагсаал Парист боллоо | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.