
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Halloween-ийн баяраар цугларсан олны хөлд дарагдан амиа алдсан хүний тоо нэмэгдэж, тэдний дунд гадны 26 иргэн байна гэж Ёнхап агентлаг өнөө өглөө мэдээллээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Өмнөд солонгос улс даяар гашуудлын 7 хоног зарлажээ.
Амиа алдсан хүний тоо 154 болж, хүнд гэмтэл авсан 33 иргэн байгаа тухай тус улсын Гамшигтай тэмцэх төвөөс мэдээлжээ. Мөн хөнгөн хэлбэрийн гэмтэлтэй 116 хүн бүртгэгджээ. Нас барсан хүмүүсийн 1-ээс бусдыг бүрэн таних ажиллагаа хийж дууссан байна. Тэдний дотор 26 гадны иргэн байгаагаас 5 нь Иран улсын, Хятад улсын 5, ОХУ-ын 5, АНУ-аас 2, Японы 2 иргэн байна гэдгийг зарлажээ. Мөн Австрали, Норвег, Австри, Вьетнам, Тайланд, Казакстан, Узбекистан , Шри Ланка зэрэг улсаас тус бүр 1 иргэн амиа алдсан мэдээ байна.
Мөн сураггүй болсон хүний талаарх дуудлага 4000 орчим ирсэн гэдгийг орон нутгийн YTN Болон Ёнхап агентлагийн мэдээнд дурджээ. Өмнөд Солонгосын засгийн газраас энэ долоо хоногийн бямба гарагийг дуустал үндэсний хэмжээнд гашуудал зарласан. Энэ хугацаанд олон нийт, төр захиргааны байруудын дээрх төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна. Ард иргэд амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, гүн эмгэнэж байгаагаа хуваалцаж байна. Тус улсын томоохон компаниуд, бизнес төвүүд эмгэнэл илэрхийлж Halloween-ийн баярын сурталчилгааны арга хэмжээгээ бүгд цуцалж байгаагаа мэдэгджээ. Тухайлбал тус улсын тэргүүлэх худалдааны төв Лоттегийн Жамсил дахь салбар баярын үйл ажиллагаагаа цуцалж, мөн Shinsegae их дэлгүүр, Hyundai их дэлгүүр ч мөн энд нэгдэж, Halloween-ийн бүх хөтөлбөрөө цуцалж, гоёл чимэглэлээ буулгаж буйгаа мэдэгдлээ.
Өмнөд Солонгост тохиолдсон энэхүү үйл явдалд олон улсын эрх баригчид гашуудлын зурвас илгээсээр байна. Хамгийн эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн гашуудлын зурвас илгээсэн бол БНХАУ, Их Британи, Франц, ХБНГУ, Канад, Мексик зэрэг орны төрийн тэргүүн нар мөн эмгэнэл илэрхийлжээ.
Өмнөд Солонгост нас барсан хүний тоо 154-т хүрчээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.