
Бямба гарагийн орой Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон сүнсний баярын үеэр болсон эмгэнэлт явдлын хохирлын хэмжээг өчигдөр Өмнөд Солонгосын Засгийн газраас шинэчлэн зарлалаа.
Амиа алдсан 154 хүнээс нэгээс бусдыг нь хэн болохыг тогтоосон байна. Нас барсан хохирогчдын 26 нь гадны улс орны иргэд байна. Тус улсын цагдаа, хууль хяналтынхан хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгалт хийж байгаа юм байна.
Гэмтэж, бэртсэн 130 гаруй хүнээс 33 хүний биеийн байдал хүнд байгаа юм байна. Ираны 5, Хятад, Оросоос тус бүр 4, Америк, Япон тус бүр 2, Франц, Тайланд, Шри Ланка, Австрали, Норвеги, Австри, Вьетнам, Узбекстан, Казахстаны тус бүр нэг нийт 26 иргэн амиа алдсаныг тогтоосон байна.
Амиа алдсан хохирогчдын дийлэнх нь 20-оос доош насны өсвөр насны хүүхэд, дийлэнх нь буюу 98 нь эмэгтэйчүүд байна.
Сүнсний баярт оролцогчид Сөүл хотын Итэвон дүүргийн нарийн гудамжинд олон мянгаараа цугласны улмаас бямба гарагийн шөнө энэ эмгэнэлт явдал болсон.
Шахцалдаан үүссэн гудамж нь 3.2 метрийн өргөнтэй, 40 метрийн урттай юм байна. Ийм бага талбайд яагаад олон хүн нэг дор цугларах болов, тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагууд аюулгүй байдлын стандартыг хэрхэн яаж баримталсныг цагдаагийн байгууллага нь нарийн шалгаж, шахцалдаан үүссэн гол шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Сөүлийн Цагдаагийн газар хэрэг болсон газрын ойролцоох 52 камерын бичлэгийг авч, 40 гаруй гэрчээс мэдүүлэг авчээ. Сөүл хотын захиргаа хэргийн шалтгааныг маш сайн судлаж, дахин ийм эмгэнэлт явдал давтагдахгүйн тулд холбогдох бодлого, дүрэм журмаа шинэчлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж мэдэгджээ.
Мөн Сөүл хотын захиргаа шахцалдаан үүсэх үед сайн дураараа аврах ажиллагаанд оролцсон олон нийтэд талархлаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл ч хэрэг гарахад аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөн эсэхэд гол анхаарлаа хандуулж байна.
Тус улсын Ерөнхий сайд болсон хэрэг явдлын талаар батлагдаагүй мэдээлэл болон тухайн үеийн бичлэгийг сошиал орчинд тараах, хохирогчдын талаар таагүй, үзэн ядсан сэтгэгдэл бичихгүй байхыг иргэддээ уриалж байна.
Засгийн газар нь Итэвоны шахцалдаанд амиа алдсан хохирогчдын гэр бүл рүү төрийн албан хаагчдыг тусгайлан томилж, оршуулгын зардалд 15 сая воны дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Өмнөд Солонгосын Засгийн газар 11 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал улсын хэмжээнд гашуудал зарлаад байна.
Энэ хугацаанд тус улсын бүх төрийн байгууллагууд, гадаад дахь ЭСЯ-д Төрийн далбаагаа бөхийлгөж, олон нийтийн үйл ажиллагааг хойшлуулж, цуцлахаар шийдвэрлэжээ.
Хан Дог Сү: Итэвон дүүрэгт шахцалдаан үүсгэсэн гол шалтгааныг маш нарийн шалгана | ||
Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.