Шууд Chart

НҮБ болон БНТУ Украины үр тариаг экспортлох тухай хэлэлцээрийг хадгалж үлдэхээр чармайж байна

2022-11-01 10:30:48

ОХУ Хар тэнгисийн флот руу халдсантай нь холбогдуулж, Украины үр тариаг дэлхийн зах зээлд нийлүүлэх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.

Харин уг хэлэлцээрийн зуучлагч талууд болох НҮБ, Турк улс уг хэлэлцээрийг хадгалж үлдэхээр чармайж байна. Энэ хүрээндээ НҮБ болон Туркийн албаныхан Орос, Украины Засгийн газартай дипломат түвшинд хэлэлцэж байгаа юм байна.

Оросын шийдвэрээс болж дэлхийн зах зээл дээр улаанбуудай, эрдэнэшиш, шар буурцгийн ханш өссөн байна.

Чикагогийн биржийн мэдээллээр зөвхөн улаанбуудайн үнэ гэхэд 5.8 хувиар өсөж, 8.8 ам.долларт хүрсэн байна. НҮБ болон Туркийн зуучлалаар Украины улаанбуудай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хар тэнгисээс Туркээр дамжуулах дэлхийн зах зээлд гаргах тухай хэлэлцээрийг өнгөрсөн долоодугаар сард Украин, Оросын хооронд байгуулсан юм.

Хэлэлцээрийн эхний хугацаа 120 хоног буюу 11 дүгээр сарын 19-нд дуусах байсан. Аль нэг тал нь татгалзаагүй бол гэрээ автоматаар сунгагдах нөхцөлтэй байсан. Гэвч Москва Украин Британийн армийнхны тусламжтайгаар Хар тэнгисийн флот руу нь дроноор цохилт өгсөн гэж буруутгаж, цаашид хэлэлцээрийн хүрээнд улаанбуудай зөөж байгаа хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.

Хэлэлцээрийн гол зуучлагч НҮБ болон Турк улс хэлэлцээрийг хадгалж авч үлдэхийн төлөө тал бүрийн чармайлт гаргаж байна. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш Оросын энэ алхамд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлж, гадаад айлчлалаа хойшлуулсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Энэ хэлэлцээрийг дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилгоор байгуулж байсан. Хэлэлцээрийг өнгөрсөн долоодугаар сард байгуулснаас хойш 9.5 сая тонн эрдэнэ шиш, улаанбуудай, наранцэцгийн тос, арвай, рапс, шар буурцаг зэргийг Украинаас экспортложээ.

Уг хэлэлцээрийн дагуу НҮБ, Турк, Украин, Оросын албаныхнаас бүрдсэн Хамтарсан зохицуулах төв Туркэд ажиллаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хянаж, ачаа тээврийн аюулгүй байдлыг шалгаж ажиллаж байгаа юм.

Ням гарагаас хойш дээрх 4 талын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан далайн тээврийн хүмүүнлэгийн коридороор нэг ч хөлөг зорчоогүй байна. Харин НҮБ-ын мэдэгдэлд дурдсанаар тус хүмүүнлэгийн коридороор орж ирсэн 16 хөлөг онгоцны 12-ыг нь гадагш, дөрвийг нь дотогш чиглэлд зорчуулахаар Украин, Турктэй тохиролцсон байна.

Мөн Туркийн Батлан хамгаалахын сайд хэлэлцээрийг хадгалах үүднээс Орос, Украины аль алинтай нь хэлэлцээ хийж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд саад болохуйц ямар ч өдөөн хатгалгаас зайлсхийхийг талуудаас хүссэн байна.

НАТО, Европын холбоо ч ОХУ-ыг шийдвэрээ эргэн харахыг уриалж байна. Харин АНУ хүнсний бүтээгдэхүүнийг зэвсэг болгон ашиглалаа гэж Москваг буруутгасан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ болон БНТУ Украины үр тариаг экспортлох тухай хэлэлцээрийг хадгалж үлдэхээр чармайж байна   
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй