Шууд Chart

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Лула Да Силва яллаа

2022-11-01 11:15:04

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны санал хураалтад тус улсын Ерөнхийлөгч асан, зүүний үзэл баримтлалтай Лула Да Силва ялсан байна.

Санал тооллогын 99 хувийн дүнгээр Силва 50.8 хувийн санал, одоогийн Ерөнхийлөгч Болсонару 49.1 хувийн санал авсан байна. Ингэснээр 2003-2010 оны хооронд төрийн эрх барихдаа Бразилын олон сая хүнийг ядуурлаас гаргасан, Лула Да Силва улс төрд эргэн ирж байна.

Төмрийн үйлдвэрийн ажилтнаас Хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүлэгч болж, улс төрийн карьераа эхлүүлсэн Лула 20 жилийн өмнө Бразилын анхны ажилчин ангиас гаралтай Ерөнхийлөгч болж байсан. Тэрбээр 2003-2010 оны хооронд хоёр удаа Бразилыг удирдахдаа улс орноо дэлхийн үсрэнгүй эдийн засагтай тэргүүлэгч орнуудын эгнээнд оруулж ирсэн юм.

Түүний засагласан он жилүүдэд Бразилын эдийн засаг жилд дунджаар 4 хувийн өсөлттэй байсан. Лулагийн Засгийн газар татварын нэмэгдлээс орох орлогыг тусламж хэрэгтэй байгаа нийгмийн давхаргыг дэмжихэд зарцуулснаар олон сая хүнийг ядуурлаас гаргажээ.

Иймээс Лула Да Силва Бразилын бага орлоготой иргэдийн дунд нэр хүндтэй удирдагч байсан. Гэвч 2018 онд засаг төр нь түүнийг улс төр, авлагын хэрэгт буруутган, улмаар хорих ял оноож, сонгуульд дахин өрсөлдөх эрхийг нь түтгэлзүүлж байсан юм.

Харин түүнд оноосон ялыг 2020 онд хүчингүйд тооцсоноор Лула улс төрийн тэмцэлдээ эргэн орсон. Түүний энэ ялалт Латин Америкийн түүхэнд шинэ эрин үеийг эхлүүллээ.

Бразил Вашингтонтой харилцах харилцаанд өөрчлөлт авч ирнэ гэж улс төрийн ажиглагчид үзэж байна. 214 сая хүн амтай Бразил нь хүн ам болоод эдийн засгийн үзүүлэлтээрээ бүс нутагтаа тэргүүлэгч улс юм.

Болсонаругийн засаглалын үед цар тахлын улмаас Бразилын эдийн засаг доройтсон. Одоо Лулагийн шинэ засаг улс орныхоо эдийн засгийг сэргээх, мөн газар нутгийнх нь 60 гаруй хувийг эзэлдэг Амазоны ширэнгэн ойг хамгаалах, авлига хээл хахуультай тэмцэх чиглэлд голлон анхаарах юм байна.

Мексик, Колумб, Аргентин зэрэг Латин Америкийн зүүний үзэлтэй удирдагчид болон Америк, Орос зэрэг орнуудын эрх баригчид Лула Да Силвад баяр хүргэж, амжилт хүсэж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Лула Да Силва яллаа   
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй