
Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог хэрэглэдэг 19 улсад инфляц 10.7 хувьд хүрч өссөн байна. Энэ нь сүүлийн 40 жилд үзэгдээгүй өндөр дүн болж байгааг эдийн засагчид тэмдэглэлээ. Энэ улиралд инфляц 10.2 хувиас хэтрэхгүй гэж тэд таамаглаж байсан юм байна.
Өмнөх сарын 9.9 хувийн үзүүлэлтээс инфляц ингэж нэмэгдсэн нь эрчим хүчний өртөг өнгөрсөн оныхтой харьцуулахад 41.9 хувиар тэнгэрт хадаж нэмэгдсэнтэй холбоотой гэж ЕХ-ны статистикийн “Евростат” товчооноос мэдээлсэн байна. 13.1 хувиар өссөн хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдэгдэхүйц өсөлт мөн энд зохих хүчин зүйл болж нөлөөлжээ. Евростатын мэдээгээр, Герман, Франц, Итали зэрэг том эдийн засагтай орнууд үнийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлснийг Евростат мөн тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт нь өнгөрөгч 3-р улиралд тун бага өсөлт үзүүллээ. Герман гэхэд санхүүгийн агшилтад орно гэж таамаглаж байсныг бодвол 0.3 хувийн өсөлттэй гарчээ. Бельги, Латви, Австри улсуудын ДНБ 3-р улиралд мөн өмнөх улирлаас буурсан байна. Жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд хүртэл хямралын үр дагаврыг нь амсаж эхэлж байгаа инфляцтай тэмцэх үүднээс Европын төв банк сүүлийн 3 сарын хугацаанд нийт 200 нэгж хувиар бодлогын хүүгээ өндөрсгөсөн.
Ирэх 12-р сард мөн дахиад өсгөх төлөвтэй байгаагаа мэдэгдэж байгаа юм байна. Харин түүнээс хойш эдийн засаг уналтад орж болзошгүйгээс гадна байгалийн хийн үнэ алгуур буурч таарах учраас бодлогын хүүг өсгөх үйл явц саарах магадлалтай байна. Хоёр жил гарны турш үргэлжилсэн цар тахлаас шалтгаалсан хангамж нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, үүн дээрээс Орос Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагаврууд 2022 оны эхнээс дэлхий даяар үнийн хөөрөгдөл газар авахад гол нөлөөлснийг шинжээчид мөн хэлж байна.
Евро бүсийн инфляц түүхэн дээд 10.7 хувийн үзүүлэлтэд хүрчээ | ||
Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.