
Умард Солонгос, ОХУ-ын хооронд ачаа тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэжээ. Коронавируст цар тахлын улмаас 2020 оноос хойш зогсоод байсан энэ үйлчилгээг сэргээсэн талаар "Эн Эйч Кей" Оросын хэвлэлүүдээс иш татан мэдээллээ.
Галт тэрэгний эхний цуваагаар Оросын Алс Дорнодоос Умард Солонгосын зүүн хойд нутаг руу шилдэг үүлдрийн 30 адуу тээвэрлэсэн бол, удаад нь эмнэлгийн хэрэгсэл хүргэнэ гэж Оросын гаалийн албаны мэдээлэлд дурджээ.
Умард Солонгосын талаас мөн өнгөрөгч есдүгээр сараас эхлэн Хятадтай хил дамнасан ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээсэн байна. Энэ үйлчилгээ мөн л ковидын хязгаарлалтын улмаас зогсоод байжээ.
Энэ зуур ажиглагчид эдийн засаг нь улам бүр доройтож байгаа Умардын эрх баригчид бусад улсаас бараа бүтээгдэхүүн авах сонирхол давамгайлж байгааг хэлж байна. Тэрчлэн Оросыг Украинд түрэмгий дайн эхлүүлснээс нь хойш Умард Солонгос, Оросын хоорондын харилцаа илүүтэй гүнзгийрч байна гэж дүгнэж байна.
Өнгөрөгч долоодугаар сард Умард Солонгос Украины зүүн бүсийн салан тусгаарлаж Оросыг дэмжигч хүчнүүдийн хяналтад байгаа Донецк, Луганскийн БНУ-уудыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сард Умардын удирдагч Ким Жон Унд илгээсэн илгээлтдээ "Хоёр улс иж бүрэн үр бүтээлч харилцаа холбоогоо өргөжүүлэх болно” гэж цохон дурдсан байсныг "Эн Эйч Кей"-гийн мэдээнд дурдсан байна.
Үүний зэрэгцээ АНУ Умард Солонгосыг ОХУ-д үлэмж хэмжээний их бууны сум нийлүүлсэн хэрэгт буруутгалаа. Москва цэрэг дайны үйл ажиллагаандаа Иран, Умард Солонгос зэрэг холбоотон улсуудаасаа туслалцаа авах болсон гэж Вашингтон үзсэн байна.
Харин Хятадаас Москвад ямар ч зэвсэг нийлүүлээгүй байгааг Пентагон уржигдар мэдэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Умард Солонгосын талаас ийм нууц нийлүүлэлт хийсэн нь манайд байгаа мэдээ баримтуудаар батлагдаж байна. Нийлүүлэлт нь зорьсон цэгтээ очсон эсэхийг тогтоохоор ажиллаж байна" гэж ярьжээ.
Гэхдээ тэр нь яг ямар төрлийн тээвэрлэлт байсныг, Орос руу гарсан гэх энэ нийлүүлэлтэд АНУ саад хийхийг оролдох эсэх тухайд тодотгоогүй.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс харин "Умард Солонгосыг ОХУ-д сум, хэрэгсэл нийлүүлэхэд АНУ саад хийж, тус улсыг хариуцлагад татах бүхий л арга замыг эрэлхийлэх болно" гэж мэдэгджээ.
Пхеньян Вашингтоны ийм зэмийг үгүйсгэдэг байна.
ОХУ болон БНАСАУ-ын хоорондох ачаа тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэжээ | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.