
АНУ-ын Завсрын сонгуулийн кампанит ажил өнөөдөр өндөрлөнө. Сонгуулийн санал хураалт 11 сарын 8-нд явагдана. Америкийн Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх явц дунд болдог энэ сонгууль дотоод гадаад улс төр-эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хурцадмал цаг үед болж байгаа онцлогтой. Сонгуулийн сурталчилгаа шувтарч өнгөрөгч бямба, ням гарагт Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар тус бүрийн намын нэр дэвшигчдийн талд олны саналыг татах зорилготой уулзалт цуглаануудаа үргэлжлүүлжээ.
Бямба гарагт Байден, Трамп хоёулаа Пенсильвани муж улсад өөр өөрсдийн намын нэр дэвшигчдийг дэмжих цуглаанаа хийсэн байна. Сүүлийн 4 ч Ерөнхийлөгчийн сонгуульд энэ муж улсын сонгогчдын санал тогтворгүй аль нэг тийш хэлбийж байснаас хоёр нам хоёул Пенсильванийг стратегийн чухал цэгт тооцсон нь эндээс харагджээ. Харин ням гарагт Байден Нью-Йоркт, Трамп Флоридад уулзалтуудаа хийсэн байна. Трампын дэмжиж байгаа нэр дэвшигч Ли Зелдиний эсрэг чамгүй амжилттай өрсөлдөөн өрнүүлж байгаа Нью-Йоркийн амбан захирагч Кэти Хоукулыг дэмжихээр Байден энд очжээ. Ерөнхийлөгч асан Билл Клинтон, дэд Ерөнхийлөгч Камала Харрис, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон зэрэг Ардчилсан намын одууд сүүлийн мөчид Кэти Хоукулд дэмжлэг илэрхийлсэн байна. Байден энэ үеэр, Конгрессийн завсрын сонгуульд бүгд найрамдахчууд ялбал АНУ-д ардчилал суларч болзошгүй гэж анхааруулсан бол, Дональд Трамп дараагийн сонгуульд Цагаан ордны тэргүүнд өрсөлдөж магадгүй гэдэг санаагаа цухуйлгажээ. Сүүлийн олон нийтийн санал асуулгуудын дүнгээр, Төлөөлөгчдийн танхимд хяналт тогтоохын төлөө өрсөлдөөнд Бүгд найрамдахчууд давамгайлж байгаа бол, Сенатын тухайд намуудын өрсөлдөөн нэлээн ширүүн өрнөх төлөв харагдаж байгааг америкийн хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ л хоёр танхимын аль нэгд хяналтаа тогтоох нөхцөлд бүгд найрамдахчууд Байдений засаг захиргааны хууль тогтоох аливаа санал санаачилгад саад учруулах боломж бүрдэх юм. АНУ-ын гол том хоёр намын дунд хурц өрсөлдөөн үүсгэж байгаа энэ сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн бүтнээрээ, Сенатын 100 гишүүний 35 нь шинээр юмуу улиран сонгогдох бол,50 муж улсын 36-д нь мөн амбан захирагчийн сонгууль явагдах юм. Одоогийн байдлаар Конгрессийн хоёр танхим хоёулаа Ардчилсан намын хяналтанд байгаа юм. Үүний зэрэгцээ Трамп дараагийн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж магадгүй талаар америкийн хэд хэдэн хэвлэл баасан гарагт мэдээлсэн. Энэ завсрын сонгуульд түүний дэмжлэгийг авсан 200 гаруй нэр дэвшигч хэр амжилт үзүүлэхээс Трампын нөлөө хэр явцтай байх нь шийдэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.
Энэ удаагийн завсрын сонгуульд оролцох америкчууд эдийн засгийн гол том сэдвүүд, ихээхэн хурц маргаан дагуулж байгаа үр хөндүүлэх эрхийн асуудлаар санал хуваагдаж байна. Тэрчлэн улс орны байдал хүнд байгаа энэ үед завсрын сонгуулийн ирц урьдны жилүүдийнхээс нэлээд өндөр байж мэдэхээр байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
АНУ-д завсрын сонгуулийн санал хураалт болно | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.