Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар 190 гаруй улсын төлөөлөл Египетэд чуулж байна

2022-11-08 11:12:02

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын 27 дахь удаагийн чуулган Египетийн Шарм-эль-Шейх хотод өчигдөр нээлтээ хийсэн. 11 сарын 18-ныг хүртэл энэ чуулганы хүрээнд 100 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдах хуваарьтай. Үүний нэг нь өнөөдөр, маргааш 2 чуулах төр засгийн тэргүүн нарын уулзалт юм. Мөн энэ чуулгантай зэрэгцээд Дэлхийн Цаг уурын байгууллагаас, уур амьсгалын өнөөгийн байдлын талаарх шинэ тайлан илтгэл танилцуулаад байна.

Дэлхийн дулаарал хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн, сүйрлээс зайлсхийхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ёстой гэж тохирсон нь дэлхий, хүн төрөлхтний сүүлийн 7 жилд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх чиглэлд хийсэн хамгийн 2 том эерэг алхам болсныг энд тэмдэглэсэн байна. Үүнээс бусдаар тун таагүй дүр зураг, тодруулбал сүүлийн 7 жил, тандалт ажиглалт явуулж ирсэн түүхэнд хамгийн халуун жилүүд байсан, энэ үзэгдэл 8 дахь жилээ энэ жил мөн үргэлжилж байгааг илтгэлд дурдсан байна. Тэрчлэн түрүү жилийн бага хурлаас дэлхийн агаарын температурын дундаж өсөлтийг аж үйлдвэржилтээс өмнөх түвшинтэй харьцуулахад цельсийн 1,5 градуст барихын төлөө хүчин чармайлт гаргахаар тохирсон. Гэвч НҮБ-ын сүүлийн тайлангаар, хүлэмжийн хийн ялгаруулалт энэ эрчээрээ байвал температурын өсөлт зууны төгсгөл рүү 2,5%-д хүрэхээр байна. 19-р зууны сүүл үеэс өнөөдрийг хүртэл Дэлхий 1,1 гаран градусаар дулаарсан, энэ дулаарлын тал шахам хувь нь сүүлийн 30 жилийн дотор явагдсаныг НҮБ-ын судалгаа харуулаад байна. Гэтэл зарим улс бусад түлшнээс хүлэмжийн хий ялгаруулалт их нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж байна. Грек гэхэд 3 жилийн өмнө нүүрсний бүх дулааны станцаа хаахаар шийдвэрлэж байсан бол, сая ийм станцуудынхаа ашиглалтыг 50%-р түр нэмнэ гэж зарласан. Европын Холбооны орнууд мөн Оросын хийж байгаа дайнтай холбоотой асуудлуудаас үүдэж уламжлалт ашигт малтмалд түшиглэх хандлагатай байна. ОУАЭА-гийн тооцоогоор, энэ онд ЕХ-ны орнуудад нүүрсний хэрэглээ 7 хувиар нэмэгдэх төлөв гарчээ.

Ийм нөхцөлд Египетэд чуулж байгаа 200-аад улсын төлөөлөгчид дундын үр дүнгээ тооцож, мөн цаашид авах арга хэмжээгээ яаравчлах тал дээр шийдэлд хүрэх гарц хайхыг зорьж байна. Энэ хүрээнд дэлхийн дулаарлаас шалтгаалсан гамшиг хохирлыг даван туулахад нь хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэх нэгдсэн шийдэлд улс орнууд уулзалтын эхний өдөр хүрсэн байна. НҮБ-ын хүрээнд 30 шахам жил яригдаж байгаа энэ талын яриа хэлэлцээ өнөө хэр шийдлээ олоогүй. АНУ зэрэг хөгжингүй орнууд тухайлбал, хэт өндөр төлбөр төлөх үүрэг хүлээхээс болгоомжлон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хохиролд холбогдох санхүүгийн тусламжийн тухай хэлэлцээнд орохгүй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар 190 гаруй улсын төлөөлөл Египетэд чуулж байна  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй