Шууд Chart

ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт оны эхний есөн сард 33 хувь өсөв

2022-11-08 11:23:04

Энэ оны эхний 9 сарын дүнгээр Орос, Хятадын хоорондын худалдааны эргэлт 33 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь урьд байгаагүй өндөр дүн буюу 153,938 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлт болж байгааг Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээ баримт харуулсан байна.

Өнгөрсөн хугацаанд Хятадаас Орос руу 59,596 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байна. Энэ нь өнгөрөгч 2021 оны эхний 3 улирлынхаас 12,8 хувиар өссөн дүн болжээ. Харин Оросоос тус улс руу хийсэн нийлүүлэлтийн хэмжээ 49,9 хувиар нэмэгдэж, 94,342 тэрбум долларт хүрсэн байна. Өнгөрсөн 10-р сард хоёр улсын бараа эргэлт 17,637 тэрбум долларт хүрсний 10,23 тэрбум нь Оросоос Хятад руу, 7,4 тэрбум нь Хятадаас Орос руу нийлүүлсэн бараа үйлчилгээний дүн байна. Үүний өмнөх 2021 оны дүнгээр Орос-Хятадын бараа эргэлт 35,8 хувиар өсөж, 146,887 тэрбум долларт хүрч байсан байна.

Оросоос Хятад руу нийлүүлэгдсэн барааны дийлэнх хувийг нефть, байгалийн хий, нүүрс эзэлж байгаа юм байна. Зэс, зэсийн хүдэр, мод, түлш, далайн бүтээгдэхүүн мөн гол нэрийн бараа бүтээгдэхүүнд багтжээ. Хятадын талаас харин, ухаалаг гар утасаас авхуулаад аж үйлдвэрийн болон тусгай тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, гутал, тээврийн хэрэгсэл, агааржуулагч болон компьютер зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргадаг байна. Хоёр улсын удирдагчид урьд нь, хоорондын бараа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 2024 он гэхэд жилийн үзүүлэлтийг 100 тэрбумаас 200 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүлж байсан. Улмаар 2018 онд 100 тэрбумын үзүүлэлтэд хүрчээ. Энэ оны 2 сарын 4-нд Бээжинд болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын хэлэлцээний дараа, БНХАУ-ын удирдагч бараа эргэлтийг жилд 250 тэрбум долларт хүргэх шинэ зорилт дэвшүүлснийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн мэдээлж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт оны эхний есөн сард 33 хувь өсөв  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй