
Америкийн “Apple компани, Хятадын Жэнжоу дахь үйлдвэрийнх нь ажил түр саатаад байгаагийн улмаас сүүлийн шинэ загвар Айфон 14 про, Айфон Про Макс-ийг зах зээлд нийлүүлэх тоо буурахаар болсныг мэдэгдлээ. Хятад дахь угсралтын заводод нь Ковид-19 цар тахлын улмаас хэсэг хугацааны хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ийм нөхцөл байдал үүссэнийг компанийн зүгээс ням гарагт мэдээлсэн байна.
Хөл хорионы улмаас ухаалаг утасны үйлдвэрлэл нь мөн түр зогссон байна. Одоогийн байдлаар завод үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа хавьгүй бага хэмжээнд ажиллаж байна. Тиймээс сүүлийн загварын ухаалаг утас захиалсан хэрэглэгчдэд захиалга нь нэлээд хүлээгдэж байж очихоор байгааг “Apple”-ийнхэн мэдэгдэж байна. Хятадын төвийн бүсийн Жэнжоу хот дахь аж үйлдвэрийн цогцолборт байрлалтай, 200 мянгаад хүнтэй энэ үйлдвэрийн ажилчид бас, ковидын эсрэг хатуу хорио хязгаарлалтад дургүйцэж, олноороо ажлаас гарч байгаа юм байна. Apple загварын ухаалаг гар утасны хамгийн том гэрээт үйлдвэрт тооцогддог энэ заводыг эрхлэн ажиллуулдаг Тайванийн “Фокскон” компани харин, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн хэмжээнд удахгүй сэргээхийг эрмэлзэх болно гэж мэдэгдэж байгаа боловч оны сүүлийн улиралд эдний ашиг орлого буурсан дүнтэй гарах төлөвтэй байна. Дэлхийн хэмжээнд iPhone-ы нийлүүлэлтийн 70 хувийг бүрдүүлдэг тус үйлдвэрт өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн 7 хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм. Улмаар тус үйлдвэр нь ердийнхөөсөө бага ажилчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Электрон бараа үйлдвэрлэгч, худалдан авагчдын ачаалал хамгийн өндөртэй байдаг шинэ жил, цагаан сар гэхчлэн өвлийн баяруудын босгон дээр Айфоны нийлүүлэлт ийнхүү эрс буурах зарыг олонд сонордуулж таарч байна. Үүний зэрэгцээ урд хөршид ням гарагт ковидын халдварын 5,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн зургаан сарын хугацаан дахь хоногийн дотор илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“Apple” компани сүүлийн загварын ухаалаг утасны нийлүүлэлт буурахыг зарлав | ||
Үзсэн: 456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.