
Египет улс олон улсын санхүүгийн байгууллага, пүүсүүдтэй уур амьсгалын холбогдолтой төслүүдэд олон тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийх хамтын ажиллагааны багц гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээнд нэгдэх үйл ажиллагаа мягмар гарагт Египет улсын Шарм-эль-Шейх ногоон хотноо зохион байгуулсан НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр боллоо.
Энэхүү төслийн хүрээнд, тус үйл ажиллагаанд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхий сайд Мустафа Мадбули, АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн элч Жон Керри болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банкны бүлгийн дарга нар оролцсон байна. Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, ус, тээвэр зэргийн хөрөнгө оруулалтад чиглэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх 27 дахь бага хурлаар хөгжиж буй орнуудын удирдагчид дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ноцтой хохирол учирч байгааг онцлон тэмдэглэжээ. Тодруулбал, Египетэд болсон хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр 100 гаруй улс орны төлөөлөгчид цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалсан онц ноцтой асуудлуудыг хөндсөн байна. Тухайлбал, энэ жил Пакистанд болсон гамшигт үер Европын гурван орныг хамарч, 33 сая хүн өртсөн байна гэж тус улсын Ерөнхий сайд Шахбаз Шариф дурджээ.
COP27-ын хэлэлцэх асуудлын нэг бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирлыг нөхөхөд санхүүгийн тусламж хэрхэн үзүүлэх тухай юм. Германы канцлер Олаф Шольц "уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн улс орнуудад гарз хохиролтой тэмцэхэд нь чиглэсэн дэмжлэг үзүүлэх" зорилгоор 170 сая америк доллар зарцуулахаа амласан байна. Бельги болон бусад улс орон мөн санхүүгийн тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлтийн улмаас гарсан алдагдал, хохиролтой тэмцэх чиглэлээр шинэ сан байгуулах хүсэлт ядуу буурай орнуудаас ирсэн байна.
Египет улс цаг уурын төслийн хамтын гэрээнд нэгдэв | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.