
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт эхэлж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ сонгууль, мөн 4 жил үргэлжилдэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн гол дунд явагддаг онцлогтой. Тиймээс энэ сонгуулиар Ардчилсан нам Конгресст хэр хэмжээний хяналт тогтоож чадахаас Ерөнхийлөгч Байдений үлдсэн хоёр жилийн засаглалын хүч нөлөө хамаарах юм.
Ардчилсан намаас гаралтай Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намын төлөөлөл Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар сонгуулийн кампанит ажил дуусах сүүлийн мөчийг хүртэл өөр өөрсдийн намд сонгогчдын саналыг татахын төлөө хүчин зүтгэсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ сонгууль Байдений засаг захиргааны нэр хүндэд сорилт болохоос гадна Бүгд найрамдах намд Трамп нэр нөлөө хэр байгааг шалгах шалгуур болж байна. Байден, Ардчилсан намын гол түшиц гэж тооцогддог Мэрилэндэд болсон намынхаа дэмжигчдийн цуглаан дээр энэ удаагийн санал хураалт бол ардчиллыг дэмжих эсэхээ шийдэх сонголт гэдгийг онцолж байсан байна. Энд тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн анхны хар арьст амбан захирагч болж мэдэхээр байгаа Уэс Мурыг дэмжихээр хүрэлцэн очжээ. Трамп харин Охайодод өөрийн намын дэвшигчдийг дэмжих цуглаанд оролцох үеэрээ, 11 сарын 15-нд чухал том мэдэгдэл хийнэ гэж зарласан байна. Тэр ирэх 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ зарлах гэж байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр мөн Байдений засаг захиргааг түүхэнд байгаагүй өндөр инфляц үүсгэсэнд буруутгаад, “манай эх орныг нураахыг зогсоож, америк мөрөөдлийг аврахыг хүсч байгаа бол бүгд найрамдахчуудын төлөө саналаа өгөх хэрэгтэй” гэж уриалж байжээ.
Энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 435 суудал, Сенатын 100 суудлын 35-ийнх нь төлөө өрсөлдөөн явагдана. Одоогийн байдлаар, Төлөөлөгчдийн танхим болон Сенат хоёулаа Ардчилсан намын хяналтад байгаа. Гэхдээ сонгуулийн өмнөх сүүлийн санал асуулгуудын дүнгээс, Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд олонх болох төлөв харагдаж байгаагийн дээр Сенатад ч бас чамгүй өрсөлдөөн үүсэхээр байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Хэрвээ Бүгд найрамдахчууд Сенатад ялбал Байдений шүүгч нар болон захиргааны албан тушаалтнуудыг томилох эрх дараагийн хоёр жилд нэлээд хумигдана. Америкийн сонгуулийн судалгааны Us elections project байгууллагын мэдээгээр, одоогийн байдлаар завсрын сонгуульд 43,5 сая америкчууд хугацаанаас өмнө саналаа өгчхөөд байгаа юм байна. Зарим муж улсад саналаа сонгуулийн өдөр шуудангаар илгээхийг зөвшөөрдөг, мөн зарим нэр дэвшигчдийн авсан саналын тоо хэт ойрхон байх зэрэг олон нөхцөлөөс шалтгаалан санал тооллого сунжрах, давтан тооллого явагдах магадлалтай учраас завсрын сонгуулийн дүн эцэслэж гартал хэдэн өдөр, бүр долоо хоног ч шаардагдаж болзошгүй байна.
АНУ-д завсрын сонгуулийн санал хураалт эхэллээ | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.