
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын дундуур Бали аралд болох 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад очихгүй болсон байна. Хорийн бүлгийг энэ удаа даргалж байгаа Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн “Файнэншл таймс”-д өгсөн ярилцлагад энэ тухай дурдсан байна. ОХУ-ыг энэ уулзалтад оролцуулахын төлөө гэдгээ тэр илэрхийлсний зэрэгцээ олон улсын өнөөгийн үлэмж түгшүүртэй нөхцөл байдал энэ удаагийн 20-ийн бүлгийн дээд уулзалтад таагүй нөлөөлөх байх гэж зовниж байгаагаа мөн ярьсан байна.
Тус дээд хэмжээний уулзалтад Оросын Ерөнхийлөгчийг оролцуулахыг нэлээд чухалчилж байсны хувьд тэрээр энэ мэдээнд “чамгүй урам хугарснаа” мөн ярьжээ. Тэрээр “Жи-20 бол угтаа улс төрийн хэлэлцүүлгийн талбар бус, харин эдийн засаг, хөгжлийн форум юм” гэдгийг мөн цохон дурдсан байна. Оросын Ерөнхийлөгч Путин өнгөрөгч сард Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох эсэх тухайд “бодож байгаа” гэж ярьж байсан, мөн ямартай ч Оросоос өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдгийг хэлсэн байдаг. Хорийн бүлгийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Орос Украины дайн эхэлснээс хойшхи дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын анхны цугларалт болох гэж байгаа онцлогтой. Дээрээс нь энэ уулзалтад дайны үр уршигтай холбоотой асуудлууд зонхилж яригдах нь тодорхой байгаа юм. ОХУ-ыг энэ уулзалтад оролцуулахын эсрэг байр суурь илэрхийлж байсан Өрнөдийн орнууд болоод Украины уриалгыг Индонези төвийг сахих үүднээс, мөн хүнс болоод эрчим хүчний аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллах боломж бий гэдэг үүднээс хэрэгсэхгүй байсан. Индонезийн Ерөнхийлөгч Балигийн уулзалтад тэрчлэн, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг мөн урьсан, Зеленский харин Путин оролцох нөхцөлд очихгүй гэж мэдэгдэж байсан юм. 11 сарын 15,16-нд болох энэ уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятад улсын дарга Ши Жинпинь нар очих нь баттай болоод байгаа юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр 20-ийн бүлгийн гишүүн орнуудын 16 нь, Украины зүүн талын 4 бүс нутгийг өөртөө нэгтгэсэн ОХУ-ын үйлдлийг зэмлэн буруутгасан тогтоолыг дэмжиж санал хураалгаж байсныг хэвлэлүүд сануулж байна. Энэ бүлэгт багтдаг улсуудаас Хятад, Энэтхэг, Өмнөд Африк 3 түдгэлзсэн байдаг, харин Европын холбооны тухайд НҮБ-д гишүүнчлэл бүхий этгээд биш гэдэг утгаараа энд багтахгүй юм.
Ж.Видодо: ОХУ-ын ерөнхийлөгч хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй | ||
Үзсэн: 329 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.