
АНУ-ын хууль тогтоох байгууллага Конгрессд аль нам олонх болохыг шийдвэрлэх завсрын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарч байна. Одоогоор Конгрессын 435 гишүүнтэй төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам 199 суудал, ардчилсан нам 178 суудал, харин 100 суудалтай сенатын танхимд хоёр нам тус бүр 48 суудал авч байгаа урьдчилсан дүнтэй байна. Урьдчилсан байдлаар төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдах нам олонх болох, сенатын танхимд хоёр намын ойролцоо суудал авах төлөвтэй байна. Энэхүү Завсрын сонгуулиар Байдены засаглалын талаар иргэд олон нийтийн санаа бодол ямархуу чигтэй байгааг багцаалах юм. Хэрвээ Ардчилсан нам конгрессын хоёр танхимд олонхын суудал авч чадахгүй бол ирэх хоёр жилд Байдены засаг захиргааны хүч нөлөө сулран гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын хууль тогтоох байгууллага конгрессын хоёр танхимыг бүрдүүлэх завсрын сонгууль ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дунд буюу хоёр дахь жилд нь болдог. Энэ утгаараа завсрын сонгууль тухайн үеийн засаг захиргааны ажлыг дүгнэж, дараагийн сонгуулийн өнгийг тодорхойлоход чухал ач холбогдолтой сонгууль байдаг юм. Энэ удаагийн завсрын сонгуулиар конгрессын доод танхим болох төлөөлөгчдийн танхимын 435 суудал, дээд танхим буюу сенатын танхимын 100 суудлын гуравны нэг буюу 35-н суудлыг шинээр сонгох юм. Аль ч нам Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд хамгийн багадаа 218 суудал, сенатын танхимд 51 суудал авах шаардлагатай. Бүгд найрамдах нам Америк даяар инфляцын өндөр өсөлт конгресс дахь ардчилсан намын дэмжлэгийг бууруулна гэж найдаж байгаа. Гэхдээ сонгуулийн саналын дүн тэдний тооцож байснаас илүү ойр явж байна. Энэ жилийн сонгууль үнийн өсөлт, эдийн засгийн байдал, үр хөндөлтийн эрх, ардчиллын цаашдын байдал гээд олон асуудлын дунд өрнөж, сонгогчдын санаа бодолд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Ардчилсан нам энэ удаагийн завсрын сонгуульд үр хөндөлттэй холбоотой хамгаалалтыг холбооны хууль тогтоомжид тусгана гэж амласан нь залуучуудын дэмжлэгийг авахад чиглэсэн байна.
Харин бүгд найрамдахчууд америкчуудын амьжиргаанд нөлөөлж байгаа инфляцын өндөр өсөлтөд гол анхаарлаа хандуулж, цагаачлалын их урсгал, гэмт хэргийн гаралт нэмэгдсэнд одоогийн засгийн газрыг буруутгах кампанит ажил явуулсан юм. Үүний зэрэгцээ энэ удаагийн завсрын сонгуулийн үр дүнг ерөнхийлөгч асан Дональд Трамп анхааралтай ажиглаж байна. Өөрөөр хэлбэл цагаан ордонд эргэн очихоор төлөвлөж байгаа Трампын завсрын сонгуульд дэмжсэн нэр дэвшигчид ялах эсэхээс түүний 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялах эсэх ерөнхий дүр зураг харагдана гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна.
АНУ-ын завсрын сонгуулийн урьдчилсан дүн гарч байна | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.