Шууд Chart

БНТУ Курдын зэвсэгт босогчдыг шилжүүлэн өгөхийг Швед, Финландаас хүслээ

2022-11-10 10:16:26

Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Шведийн ерөнхий сайдыг Анкарад хүлээн авч уулзлаа. Уулзалтын дараа Турк улс НАТО-д гишүүнчлэх өргөдөлд нь тавьсан хоригийг цуцлахаас өмнө Курдын зэвсэгт босогчдыг шилжүүлэн өгөхийг Швед, Финландын засгийн газраас хүссэн байна. Харин Швед улс Туркийн терроризмтой хийж байгаа тэмцлийг ойлгож байгаа гэдгээ илэрхийлж, Анкарагийн хүсэлтэд удахгүй хариу өгөхөө амласан байна. Ингээд хоёр тал яриа хэлэлцээг урагшлуулах үүднээс энэ сарын сүүлээр дахин уулзахаар тохирлоо.

Турк улс Швед, Финландыг Туркийн газар нутагт хориотой Курдын босогч бүлэглэлүүдийг орогнуулж байна гэж буруутгаж байгаа юм. Швед, Финланд улсууд өнгөрсөн 2-р сард Орос Украинд дайн эхлүүлсний дараа Москвагаас болгоомжилж, эвсэлд үл нэгдэх бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнээр элсэх өргөдөл гаргасан юм. Гэвч 1952 онд НАТО-д гишүүнчилсэн, гол гишүүдийн нэг Турк улс өөрийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс Швед, Финландын элсэх өргөдлийг хүлээж авахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Турк улс төрийн эсрэг олон жил тэмцсэн Курдын хөдөлмөрчний намын гишүүдийг буцааж өгөх асуудлыг Швед, Финландын талд улс төрийн хөзөр болгон тавьж байгаагаас гишүүнчлэх үйл явц удаашраад байна. Эдгээр улсууд НАТО-д гишүүнээр элсэхэд тус эвслийн гишүүн 30 улсын соёрхон баталсан батламжийг авах ёстой байдаг.

Одоогоор Турк, Унгараас бусад НАТО-гийн гишүүн орнууд бүгд Швед, Финландыг элсүүлэхийг дэмжсэн протоколыг соёрхон батлаад байна. Өнгөрсөн 7 хоногт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Туркэд очиж, Швед Финландын сонголтыг хүндэтгэж, хоригоо цуцлахыг уриалсан юм. Одоогоор Шведэд 100 гаруй мянган Курд үндэстэн, Финландад 15 мянган Курд хүн амьдардаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ Курдын зэвсэгт босогчдыг шилжүүлэн өгөхийг Швед, Финландаас хүслээ   
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй