Шууд Chart

Египет цаг уурын өөрчлөлтэй холбоотой төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байна

2022-11-10 11:00:10

Египет улс Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцод нэгдсэн талуудын 27-р бага хурлыг далайн эргийн аялал жуулчлалын Шарм Эль Шах хотноо зохион байгуулж байна. Дэлхийн 100 гаруй улс орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулсан энэхүү бага хурлын хүрээнд Египетийн засгийн газар цаг уурын өөрчлөлттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах гэрээ байгуулж байна.

Египетийн засгийн газар олон улсын болон бүс нутгийн санхүүгийн байгууллагуудаас цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт авахаар түншлэлийн гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж байна. Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд Египетийн ерөнхий сайд Мустафа Мадболу, АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жонн Керри, Европын сэргээн босголтын банк, Африкийн хөгжлийн банк группийн ерөнхийлөгч нар оролцсон байна. Энэхүү хөрөнгө оруулалт цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг арилгах зорилготой Египетийн үндэсний хэмжээний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж ерөнхий сайд нь мэдэгдсэн байна. Олон улсаас татаж байгаа хөрөнгө оруулалт Египетийн сэргээгдэх эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, ус, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм байна. Үүний зэрэгцээ хөгжиж байгаа улс орнуудын эрх баригчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлээс учирч байгаа хор хохиролд дэлхийн анхаарлыг хандуулахыг чармайж байна. Тухайлбал Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф гэхэд энэ жил тус улсад болсон үерийн гамшиг Европын гурван улсын газар нутагтай дүйцэхүйц газар орныг хамарч, 33 сая хүн өртсөн.

Иймд Пакистан улс үерийн гамшигт өртсөн ард иргэдээ ядуурал гачигдалд оруулахгүйн тулд олон тэрбум доллар зарцуулах шаардлага тулгарсан гэдгийг дэлхийн эрх баригчдын сонорт хүргэлээ. Мөн бусад хөгжиж байгаа орнуудын эрх баригчид далайн усны түвшин нэмэгдсэнээс үүдэлтэйгээр газар нутгийн хэмжээ хумигдах,ган гачигт өртөж байгаа асуудлыг хөндөж тавьжээ. Мөн Коп-27 бага хурлаар хэлэлцсэн өөр нэг чухал асуудал нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудад учирсан хохирол, эвдрэл сүйрлийг арилгахын тулд санхүүгийн туслалцааг хэрхэн олгох тухай байсан юм. Германы канцлер Олаф Шольц хохирол сүйрэлтэй тэмцэх зорилтынхоо хүрээнд цаг уурын өөрчлөлтөд хамгийн их хохирол амсаж байгаа улс орнуудыг дэмжихэд 170 сая америк долларын санхүүжилт гаргахаар амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египет цаг уурын өөрчлөлтэй холбоотой төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байна  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй