
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх 7 хоногт Индонезийн Бали аралд болох “20-ийн Бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, харин нэгдсэн чуулганд цахимаар оролцож, бусад уулзалт хэлэлцээнд гадаад хэргийн сайд Сергей Лавровыг илгээхээр болжээ.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын эрх баригчид ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш анх удаа нүүр тулж уулзах гэж байна.
Харин Индонези дахь ОХУ-ын элчин сайдын яам "Ерөнхийлөгчийн Путины хөтөлбөрийг бэлтгэж байна. Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно" гэж мэдээлжээ. Мөн Индонезийн засгийн газрын албан тушаалтан "ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Путиныг төлөөлнө, Путин ерөнхийлөгч дээд уулзалтад цахимаар оролцоно" гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 19 улс, Европын холбооны эрх баригчдын энэ удаагийн дээд уулзалтаар дэлхий даяар хүнс, түлш шатахууны хомсдол үүсэхэд нөлөөлсөн Украины дайны үр дагаврыг голлон хэлэлцэх төлөвтэй байна. Энэ удаагийн дээд уулзалтыг хүлээн авах Индонези улс Оросыг дээд уулзалтад оруулахгүй гэсэн Өрнөдийн орнууд болон Украины шаардлагыг эрс няцааж, төвийг сахисан байр сууриа хадгална гэдгээ мэдэгдэж, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж байна.
Тухайлбал Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо дээд уулзалтыг тойрсон геополитикийн хурцадмал байдалд харамсаж байгаагаа илэрхийлж, дээ уулзалтыг улс төрийн форум болгох биш эдийн засгийн хөгжилд гол анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Өнгөрсөн сард НҮБ-ын ерөнхий ассамблейд 20ийн бүлгийн гишүүн 16 улс Украины 4 мужийг өөртөө нэгтгэх Москвагийн чармайлтыг зэмлэн буруутгасан тогтоолын төслийг дэмжсэн санал өгсөн.
Харин 20-ийн бүлгийн Хятад, Энэтхэг, Өмнөд Африк гурав уг тогтоолд түдгэлзсэн. 20-ийн бүлгийн дээд уулзалтад уригдсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский "хэрвээ ОХУ-ын ерөнхийлөгч дээд уулзалтад очвол оролцохгүй" гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр цахимаар оролцох төлөвтэй байна. Балигийн дээд уулзалтад оролцох товтой байгаа удирдагчдын дунд Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден нар багтаж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.