Шууд Chart

Киев: Херсон хот руу цэргүүдээ илгээсэн

2022-11-12 11:11:18

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргүүдээ Днипр мөрний баруун эргээс буюу тухайлбал, Херсон хотоос бүрэн эргүүлэн татсанаа зарлаж, харин Украины цэргүүд тус бүсийг зорин урагшилж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков баасан гарагт мэдэгдэхдээ тус улсын арми 30.000 гаруй цэрэг, 5.000 орчим техник хэрэгслээ Днипр мөрний баруун эргээс зүүн эрэг рүү эргүүлэн татсан байна. Ингэснээр Украины цэрэг арми тус бүс рүү урагшилж байгаа бөгөөд тусгай зэвсэгт хүчний ангиудын хувьд хэдийнэ Херсон хотод хүрсэн байгаа гэдгийг Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэлдээ дурдлаа.

Хэрсон хот бол мужийн нийслэл бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас ОХУ-ын эзлэлтэд орсон гол хотуудын нэг байсан юм. Херсоны бүсийн зөвлөлийн гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр тус хот бараг бүхэлдээ Украины мэдэлд эргэн ирсэн гэж мэдэгдсэн байна.

Украины зэвсэгт хүчин "Заасан хил хязгаарт хүрсний дараа Херсон хотод тогтворжуулах арга хэмжээ авч эхлэх юм байна. Оросын цэргүүд чухал объектуудад тэсрэх бөмбөг, бодис зэргийг үлдээсэн байж болзошгүй гэж үзэж байгаагаа Володимир Зеленский мөн мэдэгдэлдээ дурджээ.

Цэргүүдийн араас цагдаа, аврагчид, эрчим хүчний мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг эн тэргүүнд тусламж үзүүлэх багууд мөн очиж иргэдийн амьдралыг эргүүлэн хэвийн байдалд оруулах ажлуудыг хийж эхлэх юм байна.

Энэ мэдээллийг авсан иргэд Херсон хотын төв талбай, гудамжинд гарч тусгай ангийн цэргүүдийг хүлээн авч, өөрийн далбаагаа онцгой байршлуудад байрлуулж буй дүрс бичлэгийг "Ассошиэтэд пресс" дамжууллаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Киев: Херсон хот руу цэргүүдээ илгээсэн  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй