
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Камбожид болсон Зүүн өмнөд азийн орнуудын чуулган дуусаж дэлхийн удирдагчид дараагийн арга хэмжээ болох Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонезийн Бали арлыг зорьж байна. Тус арга хэмжээ энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт нь 17 дахь удаагийн чуулган бөгөөд 2021 оны 12-р сарын 1-нээс эхлэн Индонез улс даргалан ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулахад Индонезийн засгийн газар 45 сая ам.доллар төсөвлөж, 10,000 гаруй цагдаагийн бие бүрэлдэхүүн болон 18000 армийн цэргүүд аюулгүй байдлыг ханган ажиллахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангасан байна.
Хорийн бүлэгт АНУ, Аргентин, Австрали, Бразил, Канад, БНХАУ, Франц, ХБНГУ, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Өмнөд Солонгос, ОХУ, Саудын Араб, Өмнөд Африк, Турк, Их Британи, Европын холбооны төлөөллүүд оролцдог байна. Мөн тухайн цаг үеийн байдлаас хамааран бусад улс орны тэргүүн нар уригдан очиж уулзалт хэлэлцээ хийдэг уламжлалтай юм байна. Өнөөдрөөс албан ёсоор нээгдэж байгаа тус хуралдаанд оролцохоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ням гарагийн орой Балид хүрэлцэн очсон байна. Тэрээр Даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй биечлэн уулзахаар төлөвлөсөн юм.
Мөн Япон улсын ерөнхий сайд Кишида Фумио эхнэр Кишида Юко нар ням гарагийн орой Нгура Рай нисэх онгоцны буудалд газарджээ. Түүнчлэн Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юүн Сук Ёол эхнэр Ким Кён Хи нар Кутад газардаж, Индонезийн албаны төлөөлөгчид болон урлагийн багийнхан тэднийг тосч авчээ. Хорийн бүлгийн дээд хэмжээний чуулганы голчлон хэлэлцэх асуудал нь эрүүл мэнд, тогтвортой эрчим хүч, дижитал өөрчлөлт зэрэг сэдвүүд байхаар тогтжээ.
Олон улсын удирдагчид Индонезод хуран цугларч байна | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.