Шууд Chart

Дональд Трамп 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлав

2022-11-17 11:13:35

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордны тэргүүнд дахин өрсөлдөхөө зарлалаа. Тэрээр мягмар гарагийн орой Флорида дахь Маро-О-Лаго эдлэнд нь цугларсан дэмжигчдийнхээ өмнө энэ тухай албан ёсоор зарласан байна. Сая болж өнгөрсөн завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд төдийлөн амжилттай дүн үзүүлж чадаагүй байтал Трамп ийнхүү сүр дуулиантайгаар сонгуулийн кампанит ажил эхлүүлж байгаад хэвлэлүүд анхаарал хандуулж байна.

Энэ үеэрээ тэр улсынхаа алдар суу, агуу нэр хүндийг эргүүлж авчирна гэхчлэн амлалтууд хэлж, одоогийн Ерөнхийлөгч Байденийг улс орныг уналтад оруулсан, мөн Украины хямралыг шийдвэрлэх чадваргүйн улмаас цөмийн дайны аюулд улсаа аваачсан гэхчлэн шүүмжилжээ. Трампыг энэ мэдэгдлээ хийхийн өмнөхөн түүний туслахууд АНУ-ын Холбооны сонгуулийн комисст Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгчээ. Трампыг сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхийг олон дэмжигчид нь хэдийнээс хүлээж байсан ч гэлээ, энэ жилийн завсрын сонгуулийн дүнд сэтгэл гонсгор байгаа бүгд найрамдах намын зарим гишүүд үүнд тийм ч таатай хандахгүй байгааг “Тайм” сэтгүүл тэмдэглэсэн байна. Тэр ч бүү хэл охин Иванка Трамп нь энэ удаагийн сонгуулийн кампанит ажлаас илтэд зай барьсан хандлага харуулсныг энд дурджээ. Трампыг Ерөнхийлөгчид гурав дахиа нэр дэвшихээр өргөдөл гаргасны дараа охин Иванка нь, “улс төрд оролцох бодолгүй байна” гэдгээ, мөн “аавыгаа хэзээд хайрлаж, дэмжих боловч хойшид энэ бүхэн улс төрийн тавцнаас гадуур байх болно” гэж мэдэгджээ.

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшигч болохын тулд Трамп энэ нам доторх сунгаанд эхлээд ялалт байгуулах ёстой. Энэ сунгаа сонгууль болох жилийн эхэнд буюу гол төлөв 2-р сараас эхэлж, хэдэн сарын турш үргэлжилдэг. Энэ хугацаанд намуудын сонгогчид өөр өөрсдийн дэмжиж байгаа нэр дэвшигчийн төлөө саналаа хураалгаж, харин эцэст нь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын их хурал дор бүрдээ албан ёсны нэр дэвшигчээ тодруулдаг.

Олон нийтийн санал асуулгуудаас харахад, Дональд Трамп бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай бусад хүмүүсээс нэлээд давуу байдалтай харагдаж байгааг Дойче Велле дурдсан байна. Трамп намынхаа бусад өрсөлдөгчийг бодвол консерватив үзэл баримтлалтай гишүүдийн дунд нэр хүнд дээгүүр хэвээр байгаа юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 11 сарын 5-нд болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлав   
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй