Шууд Chart

“Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас тунхаг бичиг баталжээ

2022-11-17 12:05:05

Хорийн бүлгийн орнуудын удирдагчид Индонез улсад болсон дээд хэмжээний уулзалтын дүнгийн тунхаг бичгийг баталсан байна. Энэ баримт бичигтээ талууд, Украины хямралыг эрс зэмлэн буруутгасны хамтаар, “нөхцөл байдал болоод хориг арга хэмжээний тухайд өөр үзэл хандлагууд бий” гэдгийг дурдлаа. Мөн үр тарианы хэлцлийн ач холбогдол болон цөмийн зэвсэг хэрэглэх, ийм зэвсэг хэрэглэхээр сүрдүүлэх явдал гаргуулахгүй байхын чухлыг цохон тэмдэглэсэн байна.

Украины дайн дэлхийн эдийн засагт үлэмж хохирол учруулж байгааг мэдэгдэлд цохон заасан байна. Мөн Хорийн бүлгийн орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоо чангатгах хурдцаа харилцан тохируулах ажлаа үргэлжлүүлэхээр тохирсон гэж дурдсан байна. Хар тэнгисийн үр тарианы санаачилга хэлэлцээрийн тухайд 20-ийн бүлгийн орнууд энэ хэлэлцээрийг цаг тухайд нь, бүрэн дүүрэн, тогтвортой үргэлжлүүлж хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Уг хэлэлцээрийн хүчинтэй хугацаа энэ сарын 19-нөөр дуусгавар болох боловч талууд эсрэг санал гаргахгүй нөхцөлд цааш хэвийн үргэлжлэх заалттай юм. Жи-20-ийн удирдагчид мөн, өлсгөлөнгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүнс нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэхээ энд нотлон илэрхийллээ. Мөн хүнсний хямралд хамгийн их нэрвэгдсэн улс орнуудад тусламж үзүүлэхийг Хорийн бүлгээс бүх улсад хандаж уриалсан байна. Тэрчлэн цөмийн зэвсэг хэрэглэх, хэрэглэхээр сүрдүүлэх явдал байж болшгүй гэдгийг энэ бүлгээс цохон мэдэгдлээ.

“Дайн хямралыг эв зүйгээр шийдвэрлэх, ингэж шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргах, мөн дипломатын болон яриа хэлэлцээний арга хэлбэрүүд амин чухал ач холбогдолтойг” Тунхаг бичигт дурдсан байна. Аж үйлдвэр өндөр хөгжсөн 20-ийн бүлгийн орнуудын удирдагчид бас, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үүрэг хариуцлага өөрсөд нь оноогдож байгааг мэдэгдэж, дэлхийн дулаарлын хурдцыг сааруулах хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлэхээ батлан илэрхийллээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 20 орны бүлгийн 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2 өдөр үргэлжилж өнөөдөр ажлаа өндөрлөж байна. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоогүй, түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон юм.

Дараагийн 2023 онд Хорийн бүлгийг даргалах үүргийг Энэтхэг улс албан ёсоор хүлээж авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас тунхаг бичиг баталжээ  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй