Шууд Chart

“Хар тэнгисийн санаачилга” үр тарианы хэлцлийг сунган хэрэгжүүлэхээр тогтжээ

2022-11-18 14:02:40

Украинаас үр тарианы тээвэрлэлт хийх тухай хэлэлцээрийг сунгахаар болсон байна. Энэ сарын 19-нд буюу бямба гарагт хүчинтэй хугацаа нь дуусах байсан тус хэлэлцээрийг дахин 120 хоног буюу 4 сарын хугацаанд одоогийн нөхцлөөр нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон гэдгийг Туркийн өндөр тушаалын төлөөлөгчөөс иш татан "Франс пресс" агентлаг мэдээллээ. Өмнө нь эх сурвалжууд энэ талын яриа хэлэлцээ Анкарад үргэлжилж байгаа тухай мэдээлж байсан юм.

Украины дэд бүтцийн сайд Олександр Кубраков "Энэ тухай шийдвэр дөнгөж сая Истанбулд гарлаа” гэж "твиттер" хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

“Энэ нь дэлхийн хүнсний хямралын эсрэг тэмцэлд бас нэг чухал алхам болж байгаа”-г тэрбээр тэмдэглээд, энэ хэлэлцээрт НҮБ болон Турк улс баталгаа гаргагч талууд хэвээр үлдсэн гэдгийг нотолжээ.

Украины ХАА-н бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад чиглэсэн энэ хэлэлцээрийг сунгахаар бүх тал тохиролцож чадсанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш баяр хүргэсэн байна.

Антонио Гутерреш мөн Оросоос хүнс болон бордоо экспортлоход учирч байгаа саад тотгорыг арилгахад хүчин туслалцах үүргээ НҮБ биелүүлэхийг чармайж байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.

Гэхдээ одоогоор яриа хэлэлцээний үйл явц үргэлжилсэн хэвээр, уулзалтын төгсгөлд эцсийн дүнг зарлана гэж "Риа Новости"-ийн эх сурвалж мэдээлсэн байна.

НҮБ болон Турк улсын зуучлалтайгаар Орос, Украины хооронд энэ оны долоодугаар сарын 22-нд байгуулагдсан хэлэлцээрээр Украины хүнс, бордоо, үр тарианы бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн гурван боомтоор дамжуулан тээвэрлэлт хийхээр тусгасан.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Украины гурван боомтоос дэлхийн 38 улс руу 11 сая гаруй тонн ХАА-н бүтээгдэхүүний нийлүүлэлт хийсэн гэдгийг Украины дэд бүтцийн сайд Олександр Кубраков мөн мэдээлжээ.

Энэ хүрээнд тээвэрлэлт хийж байгаа хөлөг онгоцуудын зорчилт хөдөлгөөн, аюулгүй байдал болоод бусад асуудлыг Стамбул дахь Хамтын зохицуулалтын төвөөс хянан зохицуулдаг юм.

Үүний зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард Украины үр тариа хэрэгцээ шаардлага өндөр байгаа Африкийн орнууд руу бус Өрнөдийн чинээлэг орнууд руу голчлон нийлүүлэгдэж байна гэж шүүмжилж байсан.

НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя бас энэ хэлэлцээрийн Оросын хүнс, бордооны нийлүүлэлттэй холбоотой хүнсний хэлцлийн зүйл заалтууд хэрэгжихгүй байгаа талаар мэдэгдэж байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хар тэнгисийн санаачилга” үр тарианы хэлцлийг сунган хэрэгжүүлэхээр тогтжээ   
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй