
Украины Батлан хамгаалахын асуудлаар Холбоо барих бүлэг буюу Рамштайн форматын 7 дахь уулзалт болж, хэд хэдэн улс Украинд шинээр зэвсэг нийлүүлэх шийдвэрээ зарлажээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ тухай мэдээлсэн байна. Тухайлбал, Канад улс 34 сая долларын тусламж үзүүлэх, энэ хүрээндээ цэргийнхний өвлийн хангамж, нисгэгчгүй онгоцны камерууд болон хиймэл дагуулын гэрэл зургууд сэлт нийлүүлэхээр болсон байна.
Швед агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмжүүд зэрэг 287 сая еврогийн, Испаниас Хоук зенитийн пуужингийн хоёр цогцолбор, тэдгээрийн пуужингуудыг нийлүүлэхээ мэдэгджээ.
Герман улс мөн агаараас эсэргүүцэн хамгаалах системүүд, их буу, сум хэрэгслийн нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ гэсэн бол, Польшоос нийлүүлэх зэвсэглэлд их буу, танк эсэргүүцэх зэвсэглэл, агаарын довтолгооноос хамгаалах системүүд багтжээ.
Үүнтэй холбогдуулж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников "твиттер" хуудсаараа дамжуулан талархал илэрхийлж, Украины армийн хүч нөөц зузаарч, бэлтгэлжилт сайжирч, сүүлийн үеийн логистиктой болж байна гэж жиргэжээ.
Энэ зуур пүрэв гарагийн өглөө эртээс авахуулаад Украины олон бүс нутагт агаарын түгшүүр зарлаж, Оросын агаарын довтолгоо эрчимтэй үргэлжилж байгаа мэдээ ирж байна.
Киев хотын цэргийн засаг захиргаанаас "Телеграм" сувгаар дамжуулан мэдээлснээр, тус хотын дээр хоёр далавчит пуужинг амдан сөнөөжээ.Эвдрэл сүйдэл учирч, гэмтэж шархадсан мэдээлэл байхгүй, мэдээллийг нягталж байна гэж уг мэдээлэлд дурдсан байна.
Мөн пуужингууд болон камиказе дронууд ашигласан дайралтад Днепр, Харьков, Одесс мужуудад хэд хэдэн байгууламж өртөж, хүмүүс шархадсан байна.
Энэ үеэр зүүн Украины Укргаздобыча хий олборлох байгууламжид хэд хэдэн гэмтэл учирсан, одоогоор гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа талаар "Нафтогаз" компанийн захирал Олексей Черномысов мэдээлснийг "Ал Жазира" уламжилсан байна.
Энэ долоо хоногийн эхээр буюу мягмар гарагт Оросын тал Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн эрчимтэй пуужингийн цохилтуудыг эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад өгсөн байна.
Энэ үеэр наанадаж 100 шахам пуужингаар ширүүн дайралт хийсэн, гэхдээ тэдний ихэнх хувийг амдан сөнөөж чадсан гэж Украины тал нотолж байгаа юм.
Харин Оросын цэргийнхэн пуужингууд нь байндаа буюу цэргийн байгууламжуудад туссан гэж мэдэгдэж буй юм байна.
Өрнөдийн орнууд Украинд шинээр зэвсэг нийлүүлэхээ зарлав | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.