
Египетэд чуулсан Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын чуулга уулзалт хуваарь ёсоороо өчигдөр/2022.11.19/ өндөрлөх ёстой байсан. Гэвч маргаантай гол асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй шалтгаанаар төлөөлөгчид багадаа 1 өдөр сунаж хуралдахаар байгаа мэдээтэй байна. Агаар мандлыг хамгийн ихээр бохирдуулагчид буюу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудаас дэлхийн дулаарлын хор гамшигт хамгийн их өртөж байгаа улсуудад олгох нөхөн төлбөрийн асуудал энд эрс хурцаар тавигдаж нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа юм байна.
Дэлхийн дулаарлын асуудлыг хэзээд дагаж яригддаг үүрэг хариуцлага болоод мөнгөн төлбөрийн сэдвээр Шарм-эль-Шейхд цугларагсад тохиролцохоор бүх хүчээрээ чармайж байна. Энэ мэт хурц маргаантай асуудлаас шалтгаалан СОР-ын сүүлийн хэд хэдэн уулзалт албан товоос хэтэрч хуралддаг жишиг бараг тогтсоныг ажиглагчид мөн сануулж байна. Хятад зэрэг НҮБ-ын Хөгжиж байгаа орнуудын 77-ийн бүлэг хүлэмжийн хийн ялгаруулалт багатай буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд нь туслах “Нөхөн төлбөрийн сан” байгуулахыг шаарддаг. Харин өрнөдийн орнууд дэлхийн агаар мандлын хамгийн том бохирдуулагч орны хувиар хариуцлага хүлээх ёстой байтал нөхөн төлбөр шаардагчдын эгнээнд зогсож байгааг эрс шүүмжилж байна. Германы Гадаад яамны сайд Анналена Бербок тухайлбал, Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн хор гамшигт өртсөн буурай орнуудад туслахын тулд илүү их мөнгө гаргах ёстой гэж мэдэгджээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш харин “бие биеэ чичилж суух цаг одоо биш”, “хохирол барагдуулж, нөхөн төлөлтийг санхүүжүүлэх тухай ярих цаг дууссан, одоо үйлдэл хийх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ. Египетийн Гадаад яамны сайд Самех Шукри сэтгүүлчидтэй өчигдөр уулзахдаа, “нийтээр дагаж мөрдөх, эрх тэгш, бас ахиж дэвшсэн зөвшилцлүүд баталснаар бага хурлыг маргаашдаа багтан өндөрлүүлж чадна” үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок “хэрвээ бид бүгд өөрсдийнхөө төлөө чин шударгаар хамтдаа дэвшил гаргахад бэлэн биш байгаа бол, шийдлээ хүлээж байгаа олон асуудлын алинаар нь ч тохиролцож чадахгүй” гэж мэдэгджээ.
Өчигдөр өглөө нийтлэгдсэн Уулзалтаас батлах Мэдэгдлийн төсөлд, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,5 градусаас хэтрүүлэхгүй байх өмнөх амлалтыг хэрэгжүүлэхийг оролцогч 200-д улс дэмжихээр заажээ. Энэ заагаас хэтэрвэл уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар эргэлт буцалтгүй засал авахааргүй хүндэрнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлдэг. Энэ зорилтыг бататгана гэдэг нь ойрын жилүүдэд нүүрстөрөгчийг хаягдлыг хурдан бууруулах ёстой гэсэн үг. Энэ зорилтыг хэрхэн хангах нь тодорхойгүй бүрхэг байдлыг залруулахын тулд ирэх оны 11 сараас өмнө улс бүр ойрын 10 жилийн төлөвлөгөөгөө танилцуулахыг энэ мэдэгдлээр даалгах юм байна.
Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал хаагдах тов хэтэрсэн ч талууд зөвшилцсөөр байна | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.