Шууд Chart

Шинжээчид: БНХАУ дахь ковидын хязгаарлалт нефтийн үнэ буурахад нөлөөлж байна

2022-11-20 11:46:44

Дэлхийн зах зээл дээр өчигдөр нэг баррель нефтийн үнэ 86 долларт хүрч буурсан нь 7 хоногийн дотор 9 орчим хувиар хямдарсан үзүүлэлт боллоо. Баруун техасын хөнгөн нефть 10 хувиар хямдарчээ. Нефтийн үнэ ийнхүү огцом буурч байгаа байдлыг салбарынхан Саудын Араб экспортоо бууруулсан, АНУ-ын агуулахууд дахь түүхий нефтийн нөөц багассан, дээрээс нь Европын холбооны орнууд удахгүй энэ түүхий эдийг Оросоос авах хэмжээгээ эрс бууруулах гэж байгаа зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Хятад дахь коронавирусний хорио хязгаарлалт ч бас энэ байдалд чамгүй нөлөөлж байгааг шинжээчид тэмдэглэжээ.

Баасан гарагийн арилжааны явцад Брент маркийн нефтийн нэг баррель өнгөрөгч 9-р сарын 28-наас хойш анх удаагаа 86 доллароос доош орсон үзүүлэлт тэмдэглэгдсэн байна. Баруун техасын хөнгөн нефтийнх мөн энэ үеэр, 9 сарын 30-наас хойш анх удаа 80 доллароос хямдарчээ. Газрын тос экспортлогч улсуудын байгууллага ОПЕК-ийн тэргүүн Хайсам аль Гайс 2022 оны 4-р улирал болон 2023 оны эхний улиралд нефтийн зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл үүсэх төлөвийн талаар өмнө нь мэдэгдсэн. Тэрчлэн АНУ-ын нефтийн захиалга худалдааны зах зээлд сүүлийн жил орчмын хугацаанд анх удаагаа нийлүүлэлт эрэлтээс давсан тухай Блүүмберг мөн өчигдөр мэдээлжээ.

Нефтийн үнэ буурахад эдгээр нөхцөл ч нөлөөлсөн байна. Үүнээс гадна Хятадад коронавирусний халдвар дахин нэмэгдэж хорио цээрийн хатуу бодлого мөддөө сулрах төлөвгүй байгаа нь нефть болон хийн үнэ унахад шууд нөлөөлж байгааг шинжээчид хэлж байна. Энэ байдлаас болж хятадын эдийн засаг удааширч, нефтийн хэрэгцээ нь ч мөн дагаад бага байх төлөвийг харуулж байгаа юм байна. Сүүлийн 20 жилийн туршид Хятад дэлхийн хамгийн хурдацтай өссөн эдийн засагтай улс байсан, бас нефтийн хэрэглээнийхээ дийлэнх хувийг гаднаас авдаг учраас нефтийн үнэд асар нөлөөтэй болжээ. Энэчлэн нефтийн нийлүүлэлтээс гадна эрэлт бас давхар хурдацтай буурч байгааг арилжаа эрхлэгчид хэлж байна.

Маш олон улсад эдийн засгийн өсөлт нь удааширч эсвэл бүр агшсан. Эдийн засгийн унах үед нефть, нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ мөн огцом буурдаг зүй тогтол  энд үйлчилж байгаа юм байна. АНУ-ын тухайд нефтийн үнэ унаснаар бензин хямдарч, ирэх 7 хоногт Талархлын баяраар аян замд гарах хүмүүсийн хувьд таатай мэдээ болж байна.

Биржийн мэдээгээр, өчигдөр тус улсын хэмжээнд хийн түлшний үнэ нэг галлон нь 3,71 доллар буюу сарын өмнөхөөс 10 центээр хямдарсан байгаа бол, Техас болон өмнөдийн бусад муж улсад нэг галлон хий 3 орчим доллар буюу бараг өнгөрсөн жилийн үнэдээ очсон дүнгээр худалдаалагдаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинжээчид: БНХАУ дахь ковидын хязгаарлалт нефтийн үнэ буурахад нөлөөлж байна  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй