
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Бямба гарагт Украины нийслэл Киев хотод анх удаа очлоо. Риши Сунак, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзах үеэрээ, Украинд 60 сая америк долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэх шинэ багцаа танилцуулсан байна.
Үүнд Оросын нисгэгчгүй онгоцны дайралтаас хамгаалах зенитийн буу, радарууд багтсан байна. Үүнээс гадна, Их Британи энэ сарын эхээр агаараас эсэргүүцэн хамгаалах 1000 гаруй шинэ пуужингийн тусламж үзүүлэхээ мөн зарлаад байсан юм. Ерөнхий сайд Сунак, Украинд өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан цахилгаан үүсгүүр, хоргодох байр болон бусад хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэхээ мөн амласан байна. Сунак хэлэхдээ, Их Британи Украинд 2,7 тэрбум америк долларын цэргийн тусламж үзүүлсэн. Ирэх жил ч мөн үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлаж 2 улсын эв нэгдлийг онцлон тэмдэглэжээ. Их Британи армийн мэргэжлийн эмч, инженерүүдийг Украинд илгээж, тусгай дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнийг БИ-БИ-СИ уламжилсан байна.
Их Британи бол Украинд цэргийн тусламж үзүүлж байгаа АНУ-ын дараа орох хоёр дахь том нийлүүлэгч юм. Ерөнхий сайд Риши Сунак ирэх жил Лондонд Украины сэргээн босголтын бага хурлыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргана гэдгээ хэлжээ. Харин Украины Ерөнхийлөгч Зеленский 2 улсын хамтарсан хэвлэлийн бага хурал дээр, Их Британийн Украинд үзүүлж байгаа дэмжлэгт талархал илэрхийлсэн байна. Украины удирдагч тус улсын дэд бүтцийн байгууламжийн бараг тал хувь нь сүйдсэн тухай дурджээ.
Риши Сунак Украинд 60 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.