Шууд Chart

ОУАЭА Украины запорожье цөмийн цахилгаан станц руу гал нээснийг зэмлэн буруутгаж байна

2022-11-22 11:16:43

Өнгөрсөн бямба, ням гарагуудад Украины запорожье цөмийн цахилгаан станцын ойр орчимд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон нь цацраг идэвхт тархах аюул үүсгэж болзошгүйг Олон улсын атомын энергийн агентлагаас анхааруулсан байна. Тус агентлагийн шинжээчид станцын байгууламж, систем, тоног төхөөрөмжийн зарим хэсэгт эвдрэл үүссэн болохыг нотолсон байна.

Гэхдээ тус станцад ажиллаж байгаа шинжээчдийн баг дэлбэрэлтийн улмаас станцад эвдрэл үүссэн, гэхдээ эвдрэлийн зэрэг цөмийн аюулгүй байдал, хамгаалалтад ноцтой аюул учрах хэмжээнд биш байгааг мэдэгджээ. ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаел Гросси Запорожье цөмийн цахилгаан станцын ойролцоо хүчтэй дэлбэрэлтүүд болсон нь аюулын дохио гэдгийг анхааруулжээ. Мөн тэрээр энэ дэлбэрэлтийн ард хэн нь ч байлаа гэсэн станц руу гал нээхээ нэн даруй зогсоохыг шаардсан байна. Мөн ОУАЭА Запорожье цөмийн станцын эргэн тойронд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтаа орхихгүй гэдгийг Гросси мэдэгджээ. Энэ үеэр Оросын батлан хамгаалах яамнаас уг станц руу Украины арми галласан, үүний улмаас станцын дээвэр хэсэг өртсөн тухай мэдээлжээ. Харин Украины цөмийн энергийн газраас Оросын арми станцын байгууламжууд руу 12 удаа гал нээсэн гэж мэдэгдсэн байна. Оросын арми тус станцын эрчим хүчний нэгжүүдийг сэргээлгэхгүйн тулд боломжит бүх аргыг хэрэглэж байна гэж Украины талаас мэдэгджээ.

Сүүлийн саруудад ОУАЭА тус станцын ойр орчимд аюулгүй бүс байгуулах талаар Орос, Украинтай зөвлөлдөж байгаа. Гэвч өнөөг хүртэл талуудтай тохирч чадахгүй байна. Запорожье нь Европ тивийн хамгийн том цөмийн цахилгаан станц юм. Орос дайны эхний үед тус станцыг өөрийн хяналтандаа авсан. Энэ хугацаанд станц руу гал нээх бүрт станцын ажилчид гаднах эрчим хүчийг сэргээж, эрчим хүчний нийлүүлэлтийг бууруулж байжээ. Гаднах эрчим хүчийг станцын доторх реакторуудыг хөргөхөд ашигладаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУАЭА Украины запорожье цөмийн цахилгаан станц руу гал нээснийг зэмлэн буруутгаж байна   
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй