Шууд Chart

“Тэмүжин” театрын сурагчид “Чингис хаан” музейтэй танилцлаа

2022-11-23 15:29:25

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Монголын хүүхдийн анхны театр болох “Тэмүжин” театрын багш, сурагчид Чингис хаан музейтэй танилцлаа. Их хааны мэндэлсний 860 жилийн ойн босгон дээр Баянхонгор аймгийн “Тэмүжин” театрын 80 гаруй сурагчид нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулах нийт 10000 гаруй үзмэр бүхий уг музейгээр анх удаа аялсан нь энэ байлаа.

Уламжлалт зан ахуй, өв соёл, монгол ухааныг түүхэн бүтээлүүдээр дамжуулан хүүхэд багачуудад таниулж, ирээдүйн амжилт замналынх нь эхлэл болсон энэ театрын хамт олонд УИХ-ын дарга баяр хүргэн талархал илэрхийлсэн юм. Тэрбээр түүхийн алтан хэлхээг, ховор нандин үзмэрүүдээр нэгэн дор дэлгэх энэ сан хөмрөгөөс хойч үеийнхэн маань оюунаа тэлэн, эрхэм үнэт зүйлсээ бататган мэдэх учиртай хэмээн онцлов.

Тус театрын хүүхдүүд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн бүтээл “Тэмүжин” дуурийг Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа хоёр удаа тоглох юм. Үе үеийн сурагч хүүхдүүд энэ дууриар дамжуулан Чингис хааны бага нас, анд нөхөрлөлийн холбоо, монголчуудын зан ахуйн уламжлалыг ардын урлагийн элементүүдтэй хослуулан, өөрсдийн илэрхийлэмжээр толилуулдаг онцлогтой.

“Тэмүжин” театрынхан түүхэн бүтээлийг шинэчилсэн найруулгаар тайзнаа амилуулахын өмнө хосгүй мөн чанар, утга илэрхийллийг нь ийнхүү бодит сурвалжуудаар бататган, танилцсандаа урам зориг дүүрэн байлаа.


“Тэмүжин” театрын сурагчид “Чингис хаан” музейтэй танилцлаа  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй