Шууд Chart

Д.Мягмарцэрэн: Маш няхуур хариуцлагатай хандаж, эхлэлийг зөв тавих нь надад оногдсон энэ цаг үеийн чухал үүрэг

2022-11-26 15:40:16

Шүүхийн сахилгын хороо /ШСХ/ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Шүүгч нарын сахилга ёс зүйн асуудлыг хянан шалгадаг тус хорооны дарга доктор, дэд профессор Думбурайн Мягмарцэрэнг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

-Уншигчдадаа таныг аль болох дэлгэрэнгүй танилцуулахыг хүсч байна. Энэ үүднээс ярилцлагаа таны бага нас, намтраас эхэлье гэж бодлоо.

-Таны асуултад товч хариулбал би Төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагч. Төрд ажиллаад 30 гаран жил болж байна. Уул гарлаа ч бодсон мөн л төрийн албан хаагчийн гэр бүлд төрж, өссөн байдаг.

Аав маань надад бага наснаас өв тэгш боловсрол олгох, тал бүрийн мэдлэг мэргэшил эзэмшүүлэхээр чиглүүлж байсан. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын дөрийг өөрөө үлгэрлэн тавьж өгсөн гэж боддог. Аав уран зохиол оролддог, өөрийн мэргэжлээрээ болон түүх судлалын олон арван бүтээл туурвисан.

Миний бага нас тухайн үеийн хүүхдүүдийн адил сургууль, дугуйлан секц, гэр орны ажил гээд байрныхаа болон ангийнхаа хүүхдүүдтэй тоглож наадаж бужигнаж өнгөрсөн. Залуу техникчдийн ордон гэж сайхан газар байлаа. Тэнд би 4 дүгээр ангиасаа 10 дугаар анги төгстлөө суралцаж маш их мэдлэг чадвар эзэмшсэн нь амьдрал ахуйд их хэрэг болсон. Мөн орон зайн дүрслэл, мэдрэмж дүн шинжилгээ хийх дадал чадвар олж авсан минь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад тус дөхөм болж байдаг.

Үүний зэрэгцээ волейболын спортоор хичээллэж дүүргийн хэмжээнд амжилт гаргаж байлаа. Гэхдээ гол агуулга нь бол оюуны болон биеийн тамирыг хослуулан өв тэгш хөгжихөд л чиглэгдэж байлаа. За тэгээд, аравдугаар ангиа төгсөөд цагдаагийн байгууллагатай амьдарлаа холбосноос хойш өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан амьдарч байна. Сүүлийн үед магистр, докторын судалгааны ажил удирдан ажиллаж байгаа. Энэ онд хууль зүйн хоёр доктор удирдан чиглүүлж хамгаалуулсан амжилттай явна. 

-Таны өмнөх ажлын туршлагууд одоогийн ажилд тань ямар давуу болон сул тал болдог вэ. Мөн Шүүхийн сахилгын хороо шүүгч ба шүүгч бус гишүүдээс бүрддэг. Шүүгч ба шүүгч бус гишүүдийн тал дээр хувийн санал, дүгнэлтээ хэлж болох уу?

-Таны асуулт их чухал зүйлийг хөндлөө. Аливаа ажлыг зөв зохистой хийхэд мэргэшсэн мэргэжил ажлын туршлага маш ач холбогдолтой. Шүүхийн сахилгын хорооны үндсэн чиглэлийг Монгол Улсын Үндсэн хууль болон, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Монгол Улсын шүүгчийн сахилга ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг Шүүхийн сахилгын хорооны гишүүнд олгосон. Нэг үгээр хэлбэл шүүгчийн гаргасан сахилга ёс зүйн зөрчлийг шалгах ажиллагаа явуулах. Миний эзэмшсэн мэргэжил, мэргэшил мөн эрдэм шинжилгээ судалгааны ажил гэмт хэрэг зөрчил, гэмт хэрэгтнийг олж тогтоох, илрүүлэх, нотлох баримт цуглуулах чиглэлээр учир энэ ажилд маань маш том тус дөхөм болж байна. Харин Шүүхийн байгууллагын онцлог нөхцөлийн талаар зөвхөн төсөөлөл төдий байсан зарим зүйлийг богино хугацаанд ойлгох, мэдэх шаардлага гарсан. Үүнийг амжилттай шийдвэрлэж байгаа.

Хууль тогтоогчид Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ялгамжтай байхаар хуульчилсан нь цаанаа маш нарийн учиртай юм. Өмнөх эрх зүйн зохицуулалтын үед эцсийн шийдвэрийг шүүх, тодруулбал захиргааны хэргийн гурван шатны шүүгчид гаргадаг байсныг өөрчлөн богино хугацаанд эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллагыг Үндсэн хуульд зааж өгч байгуулсан нь үүний илрэл. Тал бүрийн оролцоог хангах үүднээс шүүгч болон шүүгч бус гишүүд гэж ялгамжтай хандсан нь шүүхийн үндсэн зарчмын илрэл гэж ойлгож байгаа. Судлаач эрдэмтний хувьд энэ нэг жилийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг ажиглан дүгнэвэл: Ийм байгууллага байгуулсан нь маш зөв шийдэл, гэхдээ шүүгч гишүүдийн төлөөллийн тоог эргэж нэг харах, насны шалгуур тавих байсан болов уу гэж ажиглагдсан. Учир нь шүүгч гишүүд Монгол Улсын шүүгчийн албан тушаалаас түр түдгэлзээд Шүүхийн сахилгын хорооны гишүүн болдог. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад эргээд шүүгчээрээ ажиллах учир энд насны онцлог илэрч байгаа юм. Юу гэвээс эргээд шүүгчээр ажиллана, шалгаж шийдвэр гаргаж шийтгэл ноогдуулж байсан шүүгчидтэйгээ хамт ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгээс хамаарч шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй юм гэж харагдаж байгаа. Шүүгч бус гишүүд бүрэн эрхийн хугацаа дуусахад шүүгчээр ажиллахгүй, баталгаатай ажлын байраар хангагдахаар хуульчлагдаагүй. Тиймээс цаашид хаана хэрхэн ажиллах нь хувь хүн бүрээс өөрсдөөс нь шалтгаалах байх. 

-Шүүхийн сахилгын хороо олон улсын туршлагыг судалж, танилцсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Ажлын шугамаар Финланд улсын Хельсинки хотод зохион байгуулагдсан Олон улсын шүүхийн захиргааны байгууллагын холбооны хурал болон Канад улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулсан туршлага судлах сургалтад оролцоод ирсэн. Энэ талаар яривал маш урт яриа хөвөрнө. Товчлон хэлбэл: Олон улсад сайн туршлага байна, манайд ч мөн байна. Миний хамгийн гол анзаарч мэдсэн зүйл бол тэдгээр улсын шүүгчдийн ажил, амьдрал, ертөнцийг үзэх үзэлд хандах хувь хүний хандлага нь биднээс өөр. Бидний яриад хэлээд хүрэх гээд байгаа тийм хэмжээнд байна. Их зөв шударга, хуульдаа захирагдсан, түүнийгээ нэг мөр ойлгон хэрэгжүүлдэг юм байна. Хэзээ ч ямар нэг арга сиймхий танил тал, улс төрийн нөлөөлөлд автдаггүй, тэд нарт нарийвчилсан зөвшөөрсөн, хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй, шаардлагагүй юм билээ.  Европын холбооны Финландын ч, Холбооны улс Канадын ч шүүгч адил хандлагатай. Мөн шүүгч болон төрийн албан хаагч болох шалгуур үзүүлэлт, шатлал нь бидний өмнө хэрэгжүүлээд өнгөрсөн үеийнхтэй маш их адил. Нөгөө л зөв хандлагатай хэрэгжилт л чухал байсан юм билээ гэж бодогдсон. Эдгээр улсуудад суралцагчид үнэн зөв шалгуураар, шударга хуулийн дагуу мэдлэг чадвараар шат шатны сургуульд боловсрол эзэмшиж, тэр хэрээр ажил алан тушаал нь тодорхой болдог юм байна. Манайх шиг бүгд дээд боловсрол эзэмших шаардлага байхгүй. Техник мэргэжлийн сургууль, одоогийн МСҮТ, техникум буюу одоогийн коллеж, тэгээд өндөр шалгууртай их дээд сургуультай. Мэргэжлээ л сайн эзэмшиж чадвартай болох нь чухал гэж ханддагт учир байна. Төр хувийн хэвшил гэхгүй ажил олгогчид нь хүртэл бүгд тийм хандлагатай.

Канад улсын төрийн албанд албан тушаал ахих үндсэн нэг шалгуур нь хос хэлний өндөр мэдлэг. Канадад англи, франц хэл төрийн хэл гэж явдаг. Ирээдүйд, бүр ойрын ирээдүйд даяарчлалын хүрээнд манай улс ч мөн адил монгол хэлний кирилл болон монгол бичгийн мөн олон улсын зарим хэлийг эзэмшсэн байх шаардлага тавих нь зүйн хэрэг гэж бодогдсон.

-Шүүгч нар ёс зүйгээ зөрчсөн эсэх асуудлыг л Шүүхийн сахилгын хороо хэлэлцэж шийдвэрлэдэг гэсэн ерөнхий ойлголт олон нийтэд тогтсон. Шүүхийн сахилгын хороо чухам ямар үүрэгтэй байгууллага вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог бие даасан хараат бус Үндсэн хуулийн байгууллага болгон шинэчлэн зохион байгуулахаар заасан. Энэ өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг батлан мөрдүүлснээр манай улсын Үндсэн хуулийн байгууллагын бүрэлдэхүүнд шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, хэн нэгэнд давуу эрх олгохоос сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хяналтыг тогтоох зорилгоор Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллага орж ирсэн байдаг. Шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдаж, тухайн өдрийн тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр дөрөв, УИХ-ын 2021 оны 11 сарын 18-ны нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон. ШСХ-ны бүрэн эрх тухайн өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна.

Шүүхийн сахилгын хороо хамтын удирдлагын зарчимтай бөгөөд нийт гишүүний хурлаар ажлын албаны бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмээ 2022 оны нэгдүгээр сарын 26-нд баталж, Сахилгын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлж ажиллаж байна. Ажлын алба Захиргааны удирдлагын, Хууль зүйн, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс гэсэн гурван нэгжтэй байхаар журамлан ажиллаж байгаа. Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нууц санал хураалтаар сонгох эрх зүйн зохицуулалтай байдаг. Энэ дагуу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний хуралдаанаараа Шүүхийн сахилгын хорооны анхны даргаар миний бие сонгогдон ажиллаж байна.

Шүүхийн сахилга ёс зүйн зөрчлийг хянан шалгадаг алба нэгж Сахилгын хороо байгуулагдахаас өмнө Шүүгчийн ёс зүйн хороо нэрээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн  бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан. Монгол Улсын шүүх 1954, 1970, 1989, 1997, 2003, 2010, 2014 онд тус тус Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлсэн. Шүүхийн болон шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулж байсан бүхий л хууль тогтоомжид ёс зүйн дүрмийн талаарх зохицуулалтыг тусгаж ирсэн. Сахилгын хороо байгуулагдахаас өмнө энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан.

Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Энэ дагуу сахилгын хороо иргэд албан тушаалтнаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч зөрчил шалгах ажиллагаа хэрэгжүүлж, зөрчилтэй гэсэн тохиолдолд сахилгын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэдэг.

-Шүүгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд Шүүхийн сахилгын хороо бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж, хууль сахиулах байгууллага шалгах уу?

-Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдах тохиолдолд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг сахилгын хорооны гишүүд зөвлөгөөнөөрөө шийдвэрлэдэг. Харин Шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан нийт дөч гаран тохиолдлыг зөрчвөл сахилгын зөрчилд тооцож, шүүгчид хариуцлага ногдуулахаар хуульчилсан.

-Шүүхийн сахилгын хороонд иргэн бүр өргөдөл, гомдол, мэдээлэл хүргүүлэх боломжтой юу?

-Шүүхийн тухай хуулийн 103.1 дэх хэсэгт “Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана” гэж заасан. Дээр дурдсан 40 гаруй  тохиолдолд Сахилгын хороонд гомдол гаргах үндэслэл бий болно. Тэгэхээр хуульд заасны дагуу хэн ч өргөдөл, гомдол гаргахад нээлттэй. Өргөдөл, мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт, бичиг болон итгэмжлэлийг хавсаргах ёстой байдаг. Гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл болгонд дурдсан үйл баримт зөрчил болохгүй бөгөөд түүнийг тал бүрээс хуулийн дагуу хянан үзэж, шалгаж тогтоодог.

-Та Үндсэн хуулийн цэцийн анхны дарга Г.Совдын шавь юм билээ. Хэрхэн багш шавь болж байв?

-Аав маань Увс аймгийн Завхан сумын Сайханы эх гэдэг газар төрсөн. БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ч.Сүрэнжав, Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга Д.Бадарч, Үндсэн хуулийн цэцийн анхны дарга шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд гээд төрийн олон зүтгэлтэн энэ нутгаас төрсөн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд багш эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх хүсэл эрмэлзлийг минь маш ихээр дэмжин сайшааж тусалсан ач гавьяатан. Түүний адил Үндсэн хуулийн шинээр байгуулагдсан байгууллагын анхны дарга болсон нь миний хувьд нэг ургийн удмын дүүгийн хувьд нэр хүндийн хэрэг учир ихээр бэлгэшээж, хүч чадлаа дайчлан, хичээнгүй ажилласан. Цаашид энэ байгууллагын хөгжил дэвшил, эрх зүй, материаллаг нөхцөлийг дээшлүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээ авах талаар өөрөө болон гишүүд, ажлын албаны хамт олонтойгоо идэвх зүтгэлтэй ажиллана.

Шинээр байгуулагдсан байгууллагын хувьд учирч буй бэрхшээл байгаа хэдий ч төсөв санхүү, зохион байгуулалтын хүрээнд боломж бололцооны хэрээр дэмжин анхаарч байгаа. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа нь өөрөө өвөрмөц учир зарим талаараа зохих зохицуулалт, нөхцөлийг шаардаж байна. Энэ бүгдийг тодорхой дараалалтай цаг хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бүгдэд  

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Мягмарцэрэн: Маш няхуур хариуцлагатай хандаж, эхлэлийг зөв тавих нь надад оногдсон энэ цаг үеийн чухал үүрэг  
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Н.Ганбаатар [127.0.0.xxx] 2022-12-01 19:49
Ярилцлага сайхан болжээ. Үнэхээр няхуур ажилласан. Амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2022-11-28 23:38
Ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Х.Номинцэцэг [127.0.0.xxx] 2022-11-26 23:29
Тийм
Х.Номинцэцэг [127.0.0.xxx] 2022-11-26 23:29
Ажилд нь амжилт.

Бидэнтэй нэгдээрэй