Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүллээ.
Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байсан бөгөөд бизнесийн хамтрагчгүй, уригчгүй тохиолдолд уг визийг мэдүүлэх боломжгүй байсан. Үүнээс шалтгаалан өөрийн зорилгод нийцээгүй аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсэж байсан.
Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүйгээр, өөрөө бие даан цахим үйлчилгээний нэгдсэн систем (isf.mn)-ээр дамжуулан мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ.
А3 буюу Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэн, K1 буюу ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн ангиллаар уригчгүйгээр 10 хоногоор цахим виз олгох энэхүү өөрчлөлт нь олон улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, визийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй болгоход чухал ач холбогдолтой юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
| ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо | ||
| Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.