Шууд Chart

Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана

2025-12-08 16:53:19

Улаанбаатар хотоос гадна улсын хэмжээнд 400 гаруй суурин газар лагийг булж эсвэл ил задгай хаядаг нь агаар орчин, хөрс усны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна. Тиймээс нийслэлээс 2025-2027 онд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг зорьж буй. Энэ хүрээнд өнөөдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгуулж, нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар танилцуулж, хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Манай улсад ашиглаж байгаа лагийг байгалиар хатаах арга нь агаар, хөрс, орчны бохирдлыг үүсгээд зогсохгүй хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс СХД-ийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд 40 орчим мянган ам.метр талбайд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг ирэх онд барихаар төлөвлөж байна. Тус үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай хамт барих асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан ч хэрэгжиж чадаагүй. Бид ТЭЗҮ-ийг шинэчилж, төсөвт өртгийг 140 орчим сая ам.доллар байхаар тооцоолж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан. Олон улсад ч гэсэн лаг шатаан боловсруулах, ингэхдээ эрчим хүч, барилгын хог хаягдал гаргаж авах зэргээр ашигладаг. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах хүчин чадалтай. Харин лаг хатааж, шатаах үйлдвэр барьснаар хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгах боломж бүрдэнэ” гэлээ.

Улаанбаатар хотод “Лаг хатааж, шатаах үйлдвэр” барьснаар нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.


Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй