Шууд Chart

БНХАУ-ын төв банк заавал байлгах нөөцийн хэмжээг дахин бууруулна

2022-11-27 12:56:26

Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тэг Ковид бодлогын нөлөөгөөр эдийн засаг удааширсантай холбогдуулан төв банк нь санхүүгийн хямралд орсон компани аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилгоор мөнгөний бодлогоо дахин сулруулах арга хэмжээ авах гэж байна. Хятадын ардын банк 12-р сарын 5-наас эхлэн банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 25 суурь нэгжээр бууруулна гэдгээ мэдэгджээ. Тус банк эдийн засгаа дэмжих үүднээс өнгөрсөн 4-р сард мөн ийм арга хэмжээ авч байсан.

Төв банкинд заавал байрших ёстой хөрөнгийн хэмжээг бууруулах нь арилжааны банкуудад илүү их зээл олгох зорилготой юм. Ингэж заавал байлгах нөөцийг бууруулснаар урт хугацаанд хөрвөх чадвартай бэлэн мөнгөний нийлүүлэлтийг 500 тэрбум юань буюу 70 тэрбум америк доллароор нэмэгдүүлнэ. Заавал байлгах нөөц гэдэг нь банк татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг төв банкин дахь харилцах дансандаа бэлэн нөөц хэлбэрээр тогтмол байршуулахыг хэлдэг. Хятадын ардын банк бодлогоо чангаруулах, удааширч байгаа эдийн засгаа дэмжихийг эрмэлзэж байгаа хэдий ч Холбооны нөөцийн банк болон бусад улс орнуудын төв банкууд инфляцтай тэмцэхээр бодлогын хүүгээ өсгөж байгаа учир инфляцын дарамтыг нэмэгдүүлэх, Хятадаас гарах мөнгөний урсгалыг ихэсгэх эрсдэлийг бий болгож болзошгүй бодлогын хүүг их хэмжээгээр бууруулахаас зайлсхийж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улсын эдийн засгийн өсөлт 10-р сард нэлээн удааширсан дүнтэй гарсан, сүүлийн үед цар тахлын халдварын тархалт эрс нэмэгдсэн нь тус улсын эдийн засгийн өсөлтийн талаарх санаа зовнилыг улам гүнзгийрүүлж байна.

Хятадын эдийн засаг хөрөнгийн зах зээлийн уналт, дэлхийд Хятадын барааны эрэлт буурсан зэргээс үүдэлтэй дарамтад аль хэдийн ороод байгаа. Хятадын засгийн газар сүүлийн саруудад эдийн засгаа хамгаалахын тулд санхүүжилтийн хязгаарлалтыг сулруулж, дэд бүтцийн зардал, хэрэглэгчдэд үзүүлэх хязгаарлагдмал дэмжлэгт анхаарлаа хандуулж, өсөлтийг дэмжих бодлогын олон алхмыг хийж байна. Хятадын хотуудад цар тахлын халдварыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоож, хатуу хязгаарлалт тогтоож байгаагаас тус улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, Хятад улс цар тахалтай тэмцэх хатуу бодлогоосоо ойрын үед ухрахгүй нь гэсэн дохиог зах зээлд өгч байна. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд дөнгөж 3 хувиар өссөн нь жилийн зорилтот 5,5 хувиас хамаагүй доогуур үзүүлэлт. Харин жилийн ерөнхий өсөлт дөнгөж 3 хувь давна гэж шинжээчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын төв банк заавал байлгах нөөцийн хэмжээг дахин бууруулна   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй