Шууд Chart

АНУ БНХАУ-аас харилцаа холбоо, хяналтын төхөөрөмж импортлохыг хориглолоо

2022-11-27 13:02:02

АНУ-ын засаг захиргаа Хятадаас харилцаа холбоо, хяналтын тоног төхөөрөмж импортлохыг хориглолоо. Хятадын технологийн магнатууд болох Хуавэй, Зет Ти Ий зэрэг компаниудын үйлдвэрлэсэн харилцаа холбоо, хяналтын тоног төхөөрөмжийг Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа үндэслэлээр Америкийн зах зээлд нэвтрүүлэхийг хориглож байгаа юм байна. Мөн Британи Хятадын хяналтын камеруудыг төрийн байгууллагадаа ашиглахыг хориглох шийдвэр гаргажээ.

Америкийн засаг захиргааны шинэ хоригт Хятадын Хитера болон өөр хоёр компанийн үйлдвэрлэсэн харилцаа холбоо, дүрс бичдэг хяналтын камеруудыг хамруулсан байна. Эдгээр төхөөрөмжүүд нь олон нийтийн аюулгүй байдал, төрийн байгууллагуудын аюулгүй байдал, чухал дэд бүтцийг хянах,үндэсний аюулгүй байдлын орчинд ашиглах зориулалттай юм. Америкийн аюулгүй байдлын албаныхан Хятадын Хуавэй зэрэг брэндүүдийн тоног төхөөрөмжийг тав дахь үеийн 5жи утасгүй сүлжээнд саад учруулж, нууц мэдээлэл цуглуулахад ашиглаж болзошгүй гэж анхааруулсаар байгаа юм.

Одоогоор Хятадын харилцаа холбооны Хуавэй, Хитера зэрэг компаниудын зүгээс Америкийн хоригтой холбогдуулж албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Хуавэй компани болон Хятадын засгийн газар технологио тагнуул хийх зорилгоор ашигласан гэх Өрнөдийн орнуудын байр суурийг удаа дараа няцааж байсны зэрэгцээ Хятадын технологийн эсрэг Америкийг хоригийг эрс эсэргүүцэж байгаа юм.  2019 онд тухайн үеийн ерөнхийлөгч Трамп Аюулгүй, найдвартай харилцаа холбооны сүлжээний тухай хуульд гарын үсэг зурснаар Вашингтон үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн харилцаа холбооны үйлчилгээг тодорхойлох шалгуурыг тогтоосон юм. Энэ хуулийн дагуу аюул заналхийлэл учруулахуйц үйлчилгээг 2021 онд Ерөнхийлөгч Байдены гарын үсэг зурсан Аюулгүй тоног төхөөрөмжийн тухай хуульд мөн хамруулсан юм. Мөн Байдены засаг захиргаа армийн хэрэгцээнд ашиглаж болох хагас дамжуулагчтай холбоотой бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох зохицуулалтыг чангатгахаар болсноо өнгөрсөн сард зарласан. Америкийн талаас ингэж Хятадын технологийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд хориг тавьж байгаа нь Америк Хятадын худалдааны маргааныг улам даамжруулах, одоо явж байгаа яриа хэлэлцээнд ч сөрөг нөлөөлөл авч ирж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Нөгөө талд Британи Шиньжан Уйгар, Хонгконгд хүний эрх зөрчиж байна гэсэн үндэслэлээр Бээжинг буруутгах болсон, сая төрийн байгууллагууддаа Хятадын хяналтын камерыг хэрэглэхээ зогсоож байна. Хятадын засгийн газар Британийн пүрэв гарагт гаргасан энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНХАУ-аас харилцаа холбоо, хяналтын төхөөрөмж импортлохыг хориглолоо   
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй