Шууд Chart

Япон улс шинэ үеийн цөмийн реакторууд хөгжүүлэхээр төлөвлөж байна

2022-11-29 12:13:07

Японы аж үйлдвэрийн сайдын дэргэдэх шинжээчдийн зөвлөл даваа гарагт атомын эрчим хүчний хөгжлийг дэмжих төлөвлөгөө баталсан байна. Энэ хүрээндээ, цөмийн реакторуудын ашиглалтын хугацаа 60 жил байгааг сунгах, ингэхдээ аюулгүй байдлын шалгалт зэрэг шалтгаанаар түр зогссон хугацааг нь ашиглалтын нийт хугацаанаас хасаж тооцох санал оруулсан байна.

Энэ төлөвлөгөө, 2011 оны Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш атомын эрчим хүчний салбарт Японы ЗГ-ийн баримталж ирсэн бодлого үндсээрээ өөрчлөгдөж байгааг харуулж байна. Японы засгийн газар урьд нь цөмийн реакторууд шинээр барих эсвэл хуучнаа сэргээн засварлах аль ч боломжийг авч хэлэлцэхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан. Тэгвэл ирэх онд парламентаар эцэслэн батлуулахаар төлөвлөж байгаа шинэ төлөвлөгөөнд, аюулгүй байдлын шинэ технологиуд ашиглах замаар шинэ үеийн цөмийн реакторууд боловсруулах, ашиглалт дууссан реакторуудыг сэргээх ажилд оруулахад тэдгээр технологийг ашиглахаар тусгаж өгчээ. Улмаар одоо байгаа цөмийн реакторуудын ашиглах хугацаа 60 жил байгааг сунгахаар энд заасан байна. Энэхүү ашиглалтын дээд хугацааг тооцохдоо, аюулгүйн хяналт шалгалт хийгдэх үеэр болон шүүхийн шийдвэрээр атомын цахилгаан станцуудыг түр зогсоосон хугацааг хасаж тооцох саналыг тус төлөвлөгөөнд тусгасан байна. Ингэснээр одоо ашиглалтад байгаа цөмийн реакторуудыг бүрэн ашиглах, улмаар эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах боломж бүрдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд үзжээ.

Энэ онд багтааж зохион байгуулагдах нүүрстөрөгчөөс ангид тогтолцоонд шилжих асуудлаарх засгийн газрын бага хуралд энэ төлөвлөгөөг бүрэн эхээр нь танилцуулахыг японы хэвлэлүүд албаныхнаас иш татан уламжилж байна. Одоогийн байдлаар, Япон дахь эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 70 шахам хувийг ашиглалт малтмалын импортоос шууд хамаарал бүхий дулааны цахилгаан станц бүрдүүлдэг байна. Тиймдээ ч дэлхий даяар эрчим хүчний түүхий эдийн үнэ өссөн одоогийн нөхцөл байдал Японд эрчим хүчний өртгийг чамгүй нэмэгдүүлсэн. Улмаар дотоодын эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлаа аль болох богино хугацаанд өсгөх нь Японы засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том зорилт болоод байгааг шинжээчид тэмдэглэдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс шинэ үеийн цөмийн реакторууд хөгжүүлэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй