Шууд Chart

Европын Зөвлөлийн дарга БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

2022-11-30 12:07:19

Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель ирэх сарын эхээр Хятадад албан ёсны айлчлал хийх гэж байна. Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар 12-р сарын 1-нд эхлэх Европын зөвлөлийн даргын энэ айлчлал, ХКН-ын 20-р их хурлаас хойш Хятад-ЕХ-ны удирдагчдын хооронд болж байгаа анхны албан ёсны уулзалт гэдгийг Хятадын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин онцолжээ.

Айлчлалын явцад Шарль Мишелийг Ши Жиньпинээс гадна, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншу нар хүлээн авч уулзаж яриа хэлэлцээ хийнэ гэдгийг гадаад яамны мэдээлэлд нь дурдсан байна. Талууд энэ үеэр хоёр талын удирдагчид Хятад-Европын холбооны харилцааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээс гадна бүс нутаг, олон улсын чанартай сэдвүүдээр санал солилцохоор төлөвлөжээ. Хятадтай харилцах харилцааны асуудлаар өнгөрөгч 10-р сард Европын Зөвлөлд болсон стратегийн хэлэлцүүлгийн дараа ЕХ-ны тэргүүлэх улстөрчийн Бээжин дэх энэ айлчлал болж байна. Геополитик, улс төрийн нөхцөл амаргүй цаг үед болж байгаа энэ айлчлал ЕХ, Хятадын аль алинд цагаа олсон боломж байж болох юм гэдгийг ажиглагчид мөн тэмдэглэж байна. Хятадын талаар баримтлах бодлогын тухайд ЕХ дотооддоо чамгүй зөрчил маргаантай байгаа үед Бээжинд айлчилж байгаа Европын нөлөө бүхий хоёр дахь улстөрч нь ийнхүү Шарль Мишель болж байна.

Өмнө нь энэ сарын эхээр Германы канцлер Олаф Шольц Хятадад айлчилснаар цар тахлын давлагаа эхэлснээс хойш тус улсад хөл тавьсан Долоогийн бүлгийн анхны удирдагч болж байсан. Европын Зөвлөлийн даргын айлчлал ч бас, Европын эдийн засаг Хятадаас хэт хамааралтай байдлаас үүдэлтэй байнгын болгоомжлолын гадуур үлдэхгүй гэж шинжээчид үзэж байна. Нөгөөтэйгүүр АНУ болон Хятадын хоорондын харилцаа зөрчилдөөнтэй хэвээр байгаа үед энэ удаагийн айлчлал, ЕХ-ны зүгээс Хятадтай хоёр талын харилцаагаа шинээр тохируулах оролдлого болж мэдэх талтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Зөвлөлийн дарга БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй