Шууд Chart

ОХУ, АНУ-ын хоорондох зэвсэг хураах асуудлаарх хэлэлцээ хойшилжээ

2022-11-30 12:30:21

Цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлаарх АНУ, ОХУ хоорондын ээлжит яриа хэлэлцээ хойшилжээ. Оросын Гадаад хэргийн яам болон тус улс дахь АНУ ЭСЯ энэ тухай мэдээллийг нотолсон байна. Уг нь төлөвлөсөн хуваарийн дагуу бол, хоёр улсын албаныхан өнөөдрөөс 12-р сарын 6-ныг дуустал Египетийн нийслэл Каир хотод уулзаж яриа хэлэлцээ хийх ёстой байжээ.

Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай “Шинэ эхлэл“ хэлэлцээрийн хүрээнд АНУ, Оросын талууд цөмийн зэвсгийн байгууламжуудад харилцан хийдэг хяналт шалгалтыг сэргээх асуудлыг энэ уулзалтаар хэлэлцэх учиртай байсан юм. Тухайн хэлэлцээрийн хэрэгжилтийг цар тахлын улмаас 2020 оны 3 сараас хойш түдгэлзүүлээд байсан юм байна. Аль Жазирагийн мэдээлснээр, Оросын ГХЯ хэлэлцээ хойшилсныг мэдээлсэн боловч шалтгаан дурдаагүй, харин Москва дахь АНУ-ын ЭСЯ энэ нь оросын талын шийдвэр байсан гэж мэдэгджээ. Москва, Вашингтоны харилцаа хүйтэн дайнаас хойших хамгийн доод түвшинд байгаа хэдий ч хэлэлцээ явагдсан бол, ядаж л талууд яриа хэлэлцээ өрнүүлэх эрмэлзэлтэй байгааг илтгэх байсан гэдгийг хэвлэлүүд тэмдэглэсэн байна. Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснийх нь дараагаас Вашингтон болон түүний холбоотнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны нөлөөгөөр улс хооронд зорчих боломж нөхцөл хязгаарлагдсан гэдэг шалтгаанаар Москва гэрээний хүрээн дэх хяналт шалгалтад хамтран ажиллахыг түр зогсоожээ. Гэхдээ гэрээний заалтуудыг урьдын адил дагаж мөрдөх болно гэдгээ мэдэгдэж байсан байна.

Анх 2011 онд хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах 3 дахь гэрээний дагуу, хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр эсрэг талынхаа стратегийн зэвсэглэлд “газар дээр нь” буюу ТАБП-ийн бааз, шумбагч онгоцны бааз, агаарын цэргийн баазад шалгалт хийх эрхтэй байдаг байна. 2026 он хүртэл хүчинтэй энэ гэрээний хүрээнд 2021 оны 1 сарын байдлаар талууд 328 удаа үзлэг хийж, 21,403 удаа мэдээлэл солилцсон байна. Жилд хоёр удаа хуралдах заалттай хоёр талын зөвлөлдөх комисс хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 сард буюу Орос Украинд цэрэг оруулахаас өмнө чуулж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, АНУ-ын хоорондох зэвсэг хураах асуудлаарх хэлэлцээ хойшилжээ  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй