Шууд Chart

Иранд хөлбөмбөгийн багийн ялалтын дараа 700 гаруй хоригдол суллажээ

2022-11-30 12:56:23

Хөлбөмбөгийн ДАШТ-д улсынх нь шигшээ баг Уэльсийн багийг хожсон ялалтын дараа Ираны эрх баригчид 700 гаруй хоригдлыг шоронгоос суллажээ. ИБНИУ-ын шүүх засаглалын тэргүүний тушаалаар хоригдлууд ийнхүү суллагдсан тухай фарс агентлаг мэдээлсэн байна.

Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий талбарт үндэсний шигшээ баг нь ялсныг тэмдэглэж 715 хоригдлыг суллажээ. Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени Эжей ираны үндэсний эв нэгдэл, хамтач үзэл санааны илрэл болж Ираны ард түмэнд баяр жаргал бэлэглэлээ хэмээн хөлбөмбөгчдийн ялалтыг өндрөөр үнэлжээ. Ираны шигшээ эхний тоглолтод Англичуудад 2:6 харьцаатай хожигдсон бол, энэ сарын 25-нд Уэльсийн багийг 2:0-ээр ялсан. Энэ нь ДАШТ-ий түүхэнд Ираны хөлбөмбөгчдийн байгуулсан 3 дахь ялалт байжээ. Өнгөрсөн саруудад Иранд үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны улмаас 14000 гаруй хүн баривчлагдан хоригдож байгаа гэдэг мэдээллийг НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Волкер Турк өнгөрөгч 7 хоногт хийж байсан. Мөн Ираны эрх баригчид улсад нь өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны явцад 300 гаруй амиа алдсан гэдэг тоог өчигдөр анх удаа албан ёсоор зарлажээ. Энэ тоонд, аюулаас хамгаалах хүчний амь эрсэдсэн ажилтнууд мөн багтсаныг Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын төлөөлөгч дурдсан байна. Харин Ираны хүний эрхийн байгууллагууд эмх замбараагүй явдлын үеэр эсэргүүцлийн ажиллагаанд оролцогч 451 хүн, аюулгүйн албаны 60 ажилтан амь үрэгдсэн гэж нотолдог байна. 22 настай Махса Амини бүсгүй шашны ёс жаягийн дагуу хувцаслаагүй шалтгаанаар цагдаад саатуулагдаад байхдаа 9 сарын 16-ний өдөр амиа алдсаны дараагаас Иран даяар олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа дэгдэж, олон улсад мөн хүний эрх, эрх чөлөөний төлөөх давлагаа болж газар авсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иранд хөлбөмбөгийн багийн ялалтын дараа 700 гаруй хоригдол суллажээ   
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй