Шууд Chart

Катар ХБНГУ-тай шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгууллаа

2022-12-01 10:46:43

 Саяхан Хятадад 27 жилийн турш хий нийлүүлэх 60 тэрбум долларын гэрээ байгуулсан Катар улс энэ удаад Герман улсад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх 15 жилийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгууллаа. Герман улс Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа бууруулах, эрчим хүчнийхээ эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлого баримталж байгаа юм. Харин дэлхийд шингэрүүлсэн байгалийн хийн экспортоороо тэргүүлэгчдийн нэг Катар улс шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэлээ 2027 он гэхэд 60 гаруй хувиар буюу жилд 126 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.  

Катарын төрийн өмчит Катар-Энержи компани Америкийн КонокоФилиппс компанитай 2026 оноос эхлэн 15 жилийн хугацаанд жил бүр 2сая тонн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээг Доха хотноо байгуулжээ. Коноко Филиппс компани Катараас хийг аваад дараа нь Германы хийн терминал руу хүргэх юм байна. Арабын булангийн Катар Германтай анх удаа эрчим хүчний урт хугацааны гэрээ байгуулж байгаа нь энэ юм. Герман улс Катарын ДАШТ-ий үеэр ЛГБТ хүмүүст хандаж байгаа байдал болоод хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг барьсан гэрээт ажилчдын хөдөлмөрийн нөхцөл зэрэгт хамгийн шүүмжлэлтэй хандсан улс орнуудын нэг. Гэхдээ Орос Украинд дайн эхлүүлж, байгалийн хий нийлүүлэлтээ хязгаарласнаас хойш эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлагатай тулгарсан. Германы хувьд байгалийн хийн хэрэглээнийхээ 55 хувийг ОХУ-аас авч байсан. Германы эрчим хүчний бодлогыг барьдаг эдийн засаг, цаг уурын асуудал эрхэлсэн сайд энэхүү гэрээг 15 жилийн хугацаанд эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой хангахад томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үнэлсэн байна. Өмнө нь 3-р сард Германы дээрх сайд гэрээний нөхцөлөө тохиролцох зорилгоор Дохад айлчилж байсан ч Катар гэрээг 25 жилийн хугацаатай байгуулах сонирхолтой байснаас тохирч чадаагүй юм. Катар нь байгалийн хийн нөөцөөрөө Орос, Ираны дараа гуравдугаарт, хийн үйлдвэрлэлээ 6-рт бичигддэг юм байна.

Одоо тус улс жилд 77 сая тонн хийг шингэрүүлдэг бол 2027он гэхэд энэ тоог 64 хувиар нэмэгдүүлж, 125 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Хийн экспортынх нь гол зах зээл Ази тив. Одоогоор Япон, өмнөд Солонгос, Энэтхэгт байгалийн хий нийлүүлж байна. Энэ сарын 21-нд Катар улс Хятадад 27 жилийн хугацаанд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх 60тэрбум долларын гэрээг Бээжинтэй байгуулсан нь шингэрүүлсэн хий нийлүүлэлтийн салбарт хамгийн урт хугацаатай гэрээ болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Катар ХБНГУ-тай шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгууллаа  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй