Шууд Chart

НАТО Украинд түлш, эрчим хүчний үүсгүүр нэмэлтээр илгээж, дэд бүтцээ сэргээн засахад нь дэмжлэг үзүүлнэ

2022-12-01 11:05:51

Румыны нийслэл Бухарест хотноо НАТО-гийн гадаад хэргийн сайд нар ид өвөл эрчим хүчний хомсдолтой тулгарч байгаа Украинчуудад хэрхэн дэмжлэг үзүүлэх тухайгаа хэлэлцлээ. Ингээд НАТО-гийн гишүүн орнууд Украинд эхний ээлжид эрчим хүчний үүсгүүр болон түлш нэмэлтээр илгээж, эрчим хүчний дэд бүтцээ сэргээн засварлахад нь дэмжлэг үзүүлэхээр санал нэгдсэн байна. Мөн АНУ дангаараа Украины зөвхөн эрчим хүчний салбарт нь 53 сая америк долларын тусламж үзүүлэхээ амлажээ.

Оросын арми өнгөрсөн 10-р сараас хойш Украины эрчим хүчний сүлжээг онилж, эрчим хүчний дэд бүтцүүдэд нь пуужингийн цохилт өгсөөр байна. Иймээс Украины эрх баригчид Оросын пуужингийн довтолгоог хязгаарлахад агаарын хамгаалах системийн дэмжлэг үзүүлэхийг НАТО-гоос шаардсаар байна. Украины гадаад хэргийн сайд Бухарестын энэ уулзалтад оролцож, улс оронд нь агаарын хамгаалах систем нэн тэргүүнд шаардлагатай байгааг холбоотнууддаа тайлбарлаж байна. НАТО үхлийн бус зэвсэг, эрчим хүчний хомсдолыг даван туулахад нь дэмжлэгээ үргэлжлүүлэхээ илэрхийлж байна. НАТО-гийн ЕНБД дараах байр суурийг илэрхийллээ. Украинчуудыг осгоох, эсвэл дүрвэж зугтаалгахын тулд өвлийн хүйтнийг зэвсэг болгон ашиглаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийг зэмлэн буруутгасан байна. Мөн Оросын хохирол, Украины ард түмний тэсвэр хатуужил НАТО-гийн дэмжлэг дайны талбарт өөрчлөлт авч ирдэг, цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг харуулж байна гэж үзлээ. Түүнчлэн 2008оны Бухарестын уулзалтын үеэр НАТО –гийн удирдлагын хэлсэн үгийг давтаж, Украин болон Гүржийг дэлхийн хамгийн том аюулгүй байдлын байгууллагад нэг л өдөр элсэх болно. Орос Крымийн хойгийг өөртөө нэгтгэж, Оросын цэрэг болон Москваг дэмжигч салан тусгаарлагчид Украины зүүн болон өмнөд бүс нутгийн зарим хэсгийг хянаж байгаа ийм үед Украины газар нутгийн хил яг ямар байгаа нь тодорхойгүй байгаа учир Украин НАТО-д ойрын хугацаанд элсэхгүй. Иймээс одоо НАТО-гийн 30 гишүүн Украиныг Оросыг ялахад нь илүү их анхаарах ёстой, Украиныг элсүүлэх үйл явцыг одоо урагшлуулах нь гишүүн орнуудыг хуваагдалд хүргэх эрсдэлтэй.

НАТО бол энэ дайны оролцогч тал биш, гэхдээ НАТО Украиныг холбоотны хувьд аль болох урт хугацаанд дэмжих үүрэг амлалттай гэдгийг Столтенберг онцолсон байна. Өнөөдрийн байдлаар Украины эрчим хүчний систем нийт иргэдийнхээ хэрэгцээний 70орчим хувийг л хангах боломжтой байгааг эрчим хүчний Укренерго компани мэдэгдсэн байна. Иймд НАТО Украиныг эрчим хүчний дэд бүтцээ сэргээн засварлах, эрчим хүчний хомсдолоо нөхөхөд нь цахилгаан үүсгүүр болон түлш нийлүүлэхээр болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО Украинд түлш, эрчим хүчний үүсгүүр нэмэлтээр илгээж, дэд бүтцээ сэргээн засахад нь дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй