Шууд Chart

Уэльсийн ханхүү, гүнж нар АНУ-д айлчилж байна

2022-12-02 14:16:26

Уэльсийн ханхүү Виллиам болон гүнж Кэйт нар Хатан хаан таалал төгссөнөөс хойших анхны гадаад айлчлалаа АНУ-аас эхэллээ. Тэд байгаль орчны шинэлэг санааг урамшуулдаг "Earthshot" шагнал гардуулахаар ийнхүү АНУ-д гурван өдрийн айлчлал хийж байна.

Уэльсийн ханхүү Виллиам болон гүнж Кэйт нар пүрэв гарагт Бостоны хойд хэсэгт орших Массачусетс мужийн Челси дэх ядуурал, хүчирхийлэлд өртсөн залуу хүмүүсийг дэмжин олон арван жилийн турш тууштай үйл ажиллагаа эрхэлж буй буяны байгууллага болох РОКА-д зочилсон байна. Энэ үеэр хосуудыг олон зуун дэмжигч хүрээлэн хүлээн авчээ.

Рока нь итгэл найдвараа алдсан 16-24 насны залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгардаг ял шийтгэл, ядуурал, ажилгүйдэл, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, жирэмслэлт, арьс өнгөөр ялгаварлах үзэл зэрэг олон асуудлыг даван туулахад туслах зорилготой байгууллага юм байна.

Рокагийн гүйцэтгэх захирал, Челсигийн цагдаагийн ахмад нар тус байгууллагын ашигладаг шинжлэх ухаан, танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээний талаар хааны хосуудад танилцуулжээ.

Энэхүү уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх шинэ арга замуудыг дэмжих зорилгоор АНУ-д хийж буй тэдний гурван өдрийн айлчлалын нэгээхэн хэсэг юм. Айлчлалын гол зорилго нь баасан гарагт болох эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ арга замыг эрэлхийлэх зорилготой дэлхийн хэмжээний тэмцээн болох ханхүү Виллиамын нэрэмжит "Earthshot" шагнал гардуулах ёслол юм.

Тэдний АНУ дахь айлчлал дээрх ёслолд оролцсоноор баасан гарагт дуусах товтой. Тус тэмцээн нь байгаль хамгаалал, цэвэр агаар, далайн сэргэн мандалт, хог хаягдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлт гэсэн таван төрөлд ялагч тус бүрт нэг сая фунт стерлингийн шагнал олгодог байна.

Түүнчлэн ялагчид болон эцсийн шатанд шалгарсан 15 оролцогчид эх дэлхийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан өөрийн төслөө хөгжүүлэх таатай боломж бий болдог байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уэльсийн ханхүү, гүнж нар АНУ-д айлчилж байна  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй