Шууд Chart

Европын холбоо дайныг зогсоохын төлөө ОХУ-д нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриаллаа

2022-12-03 13:22:55

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлж, ОХУ-д нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалсан байна.

Европын дээд удирдлагын энэхүү айлчлал Европын холбооны Хятад руу экспортоо нэмэгдүүлэх сонирхол, ардчилал, эрх чөлөөг хамгаалахад Бээжинтэй эв зүйгээ олох хэрэгцээ шаардлагын дунд тэнцвэрийг олоход чиглэсэн гэж хэвлэлд онцолсон байна.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-ын даргатай хоёр талын худалдаанаас гадна Украины дайн зэрэг олон улсын томоохон асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ хийсэн гэдгээ мэдэгджээ.

Чарльз Мишель Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Оросыг Украинд хийж байгаа дайнаа зогсооход нь голлох үүрэгтэй оролцох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх тухай заналхийллийг Чарльз Мишель, Ши Жиньпин нар хэлэлцэж, цөмийн зэвсгээр заналхийлэх нь хариуцлагагүй бөгөөд өндөр эрсдэлтэй гэдэг дээр санал нэгджээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийн хэрээр Европын холбоо Хятадыг стратегийн өрсөлдөгчөө гэж үзэх болсон юм. Европын холбооны орнууд Хятадаас бараа бүтээгдэхүүнийхээ 20 гаруй хувийг авдаг, харин Европын холбооны Хятад руу хийдэг экспорт нийт худалдааных нь 10 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ Бээжинтэй хийдэг бараа, үйлчилгээ, худалдааны алдагдал 230 тэрбум еврод хүрчээ.

Иймээс Европын холбоо хамтран илүү үр ашигтай ажиллаж болох салбаруудаа хэлэлцэх, саналын зөрүүтэй зүйлсээ ярилцаж, зохицуулах зорилгоор зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз  Мишель Бээжинд айлчиллаа.

Мөн Европ бичил хагас дамжуулагч, батарей, нарны хавтан зэрэг зүйлсийг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий ховор элэмент болон технологийн хувьд Хятадаас хараат байдлаа багасгахыг зорьж байна.

Европын холбооны худалдааны 40 хувь нь Тайванийн хоолойгоор дамжин өнгөрдөг юм байна. Иймд тус бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих нь Европын холбооны хувьд чухал гэдгийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч мэдэгджээ.

Европын холбоо Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, найдвартай, урьдчилан таамаглах боломжтой хамтын ажиллагааны түнш болоход бэлэн байгаагаа илэрхийлсэн гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Мөн Хятад Европын бизнесийн салбарынханд үргэлж нээлттэй байж, тэгш эрхийн зарчмаар, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлан хүний эрхийн асуудлаар Европын холбоотой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо дайныг зогсоохын төлөө ОХУ-д нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриаллаа   
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй