Шууд Chart

Гадаадад ажилладаг энэтхэгчүүд 2022 онд ар гэртээ 100 тэрбум ам.доллар шилжүүлжээ

2022-12-03 14:33:18

Хилийн чанадад ажил хөдөлмөр эрхэлдэг Энэтхэгийн иргэд 2022 онд эх орон руугаа 100 тэрбум америк доллар шилжүүлж, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн байна.

Дэлхийн банкны судалгаагаар өмнө нь өөр ямар ч улсын иргэд ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ 100 тэрбум давж байгаагүй учир энэ нь түүхэн үзүүлэлт болж буй юм байна. Үүнд Америк болон бусад хөгжингүй орнуудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, цалин хөлс өссөн нь нөлөөлжээ.

Энэ мөнгө дунд орлоготой орнуудын өрхийн орлогын чухал эх үүсвэр болж байдаг гэж Дэлхийн банкнаас мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд энэтхэгчүүд Америк, Британи, Сингапур зэрэг хөгжингүй орнуудад өндөр цалинтай ажилд орж, ар гэртээ илүү их мөнгө шилжүүлэх боломжтой болжээ. Хөгжиж байгаа улсын иргэдийн хилийн чанадаас ар гэртээ шилжүүлдэг мөнгө тухайн улсын эдийн засгийн чухал хэсэг нь байдаг. Тухайлбал, Энэтхэгийн иргэдийн ар гэртээ шилжүүлдэг мөнгөний хэмжээ тус улсын ДНБ-ий 3 орчим хувийг бүрдүүлдэг юм байна.

2022 онд гадаадад ажилладаг нийт цагаач иргэдийн эх орон руугаа гуйвуулсан мөнгөний хэмжээ таван хувиар өсөж, 626 тэрбум долларт хүрсэн байна. Энэтхэгийн дараа илгээсэн мөнгөний хэмжээгээр Мексик, Египет, Хятад, Филиппиний цагаач иргэд жагссан байна.

Энэтхэг, Балбад цагаач ажилчдын мөнгөн гуйвуулга нэмэгдэж байгаа бол цар тахлын үед олгосон Засгийн газрын урамшуулал дууссантай холбоотойгоор Өмнөд Азийн бусад улсуудад энэ тоо өнгөрсөн жил 10 хувиар буурчээ.

Ерөнхийдөө бага, дунд орлоготой орнууд руу шилжүүлсэн мөнгө 2022 онд таван хувиар өсөж, 626 тэрбумд хүрсэн нь 2021 оны шилжүүлгийн 50 хувьтай тэнцэж буй юм байна.

Ирэх онд дэлхий даяар үнийн өсөлт газар авч, эдийн засаг суларсан зэргээс шалтгаалан цагаач ажилчдын орлого буурч магадгүй гэж эдийн засагчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаадад ажилладаг энэтхэгчүүд 2022 онд ар гэртээ 100 тэрбум ам.доллар шилжүүлжээ   
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй