Шууд Chart

Тос олборлогч томоохон орнууд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн мөрдөнө

2022-12-05 12:16:10

Нефть экспортлогч орнуудын байгууллага болон ОХУ зэрэг холбоотон орнууд ням гарагт хамтарсан цахим хурал хийлээ. Энэ үеэр Дэлхийн эдийн засгийн хямрал, Оросын түүхий нефтийн экспортод тавьсан барууны хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан газрын тос олборлогч томоохон орнууд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хадгалах шийдвэр гарчээ.

ОПЕК-ын орнууд түүхий нефтийн үнийг дэмжихийн тулд арван нэгдүгээр сараас эхлэн газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая баррелиар бууруулж буй тохиролцоогоо хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Түүхий нефтийн үнэ буурах хандлагатай байгаа нь нэг талаар Европын орнууд болон АНУ-ын төв банкууд инфляцыг дарахын тулд бодлогын хүүгээ огцом өсгөсөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаас Хятадын "COVID"-ыг тэглэх хатуу хязгаарлалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа багассантай холбоотойгоор тус улсын эдийн засаг удааширч байгаа нь мөн нөлөөллөө гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Барууны орнууд Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан ОХУ-ын түүхий нефтийг далайгаар тээвэрлэхэд хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан. Европын холбоо, 7-ийн бүлгийн орнууд болон Австрали улс даваа гарагаас эхлэн Оросын түүхий нефтийн үнийг баррель тутамд 60 доллароор хязгаарлаж байх шийдвэр гаргасан. Цаашид ирэх оны 2-р сараас эхлэн ЕХ ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаар боллоо. Өнгөрсөн онд 71 тэрбум евро буюу ойролцоогоор 75 тэрбум долларын түүхий тос, нефтийн бүтээгдэхүүн ЕХ ОХУ-аас импортолсон байна. Энэхүү хориг арга хэмжээ нь Оросоос импортлох бараа бүтээгдэхүүнийг 90 орчим хувиар бууруулна гэж ЕХ мэдэгдлээ.

Харин ОХУ-ын Шадар сайд Александр Новак ням гарагийн хуралдааны үеэр хэлэхдээ, манай улсын байр суурь өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий нефтийн үнийн дээд хязгаар тогтоосон орнуудад бүтээгдэхүүн экспортлохгүй гэж мэдэгдсэн. Тиймээс хоригийн арга хэмжээ нь түүхий нефтийн эрэлт, үнэд хэрхэн нөлөөлөхийг хянахын тулд ОПЕК болон бусад томоохон улсууд олборлолтын зорилтоо барихаар шийдсэн гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тос олборлогч томоохон орнууд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн мөрдөнө   
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй